“Оюутан цэрэг” хөтөлбөрт Увсаас 15 оюутан хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-13 15:12:17

Увс /МОНЦАМЭ/ Гурав дахь жилдээ хэрэгжиж буй "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 10-нд дууссан байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан Увс аймгийн Цэргийн штабаас Улаангом политехник коллежийн оюутнуудад мэдээлэл хийжээ. Энэхүү хөтөлбөрт Увс аймгаас өнгөрсөн жил Хөдөлмөрийн дээд сургуулийн 7 оюутан хамрагдсан бол энэ жил Улаангом политехник коллежийн 15 оюутан хамрагдахаар болжээ. 2017 онд улсын хэмжээнд 1000 оюутныг тус хөтөлбөрт хамруулахаар салбарын сайдын тушаал гарсан байна. Түүнчлэн "Оюутан цэрэг" хөтөлбөр орон нутагт хэрэгжиж буйгаараа онцлог жил болж байгаа аж. Тодруулбал, орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу Ховд, Дорнод аймагт энэ хөтөлбөр хэрэгжих юм байна. Ингэснээр нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байгаа аж.

“Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсанаар оюутан залуусын хувьд их, дээд, сургууль, коллежид суралцах хугацаандаа цэргийн албаа хаах, түүнчлэн сургуулиа төгсөөд төрийн албанд ажилд ороход хүндрэл үүсэхгүй зэрэг давуу талыг олгодог. Энэ ч утгаараа тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуучууд олширсон байна” хэмээн аймгийн Цэргийн штабын дарга Т.Тогтохбаяр мэдээллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ