НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-13 14:38:54

  Увс /МОНЦАМЭ/ Увс аймагт НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт үр дүн муутай, хангалтгүй түвшинд байна.

Гэхдээ өнгөрсөн оны урамшууллаа хүртсэн иргэдийн хувьд урамшиж, аль болох НӨАТ-ын баримт олгож байгаа худалдаа, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх хүсэлтэй болжээ. Иймд цаашид зах, худалдааны төвүүдийг нэг бүрчлэн НӨАТ-ын баримт олгох системд шилжүүлэх шаардлагатай байна. Иргэдийн хувьд ч цаг ямагт баримтаа нэхэж авч бүртгүүлж хэвших хэрэгтэй байгаа юм. Учир нь зарим иргэд баримтаа бүртгүүлсэн хэрнээ буцаан олголт нь орж ирсэнгүй хэмээн аймгийн Татварын хэлтэст хандах тохиолдол их гардаг байна. Энэ нь мэдээллээ буруу баталгаажуулсантай холбоотой аж. Үүнээс гадна сар бүр явагддаг сугалаанаас Увс аймгийн иргэд азтанаар тодрохгүй байгаа нь НӨАТ-ын баримт хангалттай хэмжээнд бүртгэгдэхгүй байгаатай холбоотой байна.

“НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд манай аймагт цөөнгүй бий. Ялангуяа хөдөө сумдад хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Иймд уг хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авна” хэмээн аймгийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга З.Оюунгэрэл мэдээллээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ