Аймгийн аварга, манлай малчин Н.Бямбадорж: Би тав дахь үеийн тэмээчин хүн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-03-13 11:41:35

Өвөрхангай/МОНЦАМЭ/.  2016 онд тэмээн сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлсэн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн малчин Н.Бямбадорж Гал бич жилийн хөдөө аж ахуйн салбарын алдартан болсон.

Н.Бямбадорж 2008 онд “Сумын сайн малчин”, 2010 онд “Аймгийн сайн малчин”, 2013 онд МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан ботгоны эзэн”, 2014 онд Алтан гадас одон, 2016 онд аймагтаа тэмээн сүргийн тоогоор тэргүүлж “Аймгийн манлай малчин” болж, нутаг усныхаа нэрийг өргөж яваа ажилсаг, хөдөлмөрч залуу малчин юм.

Өвөрхангайн Элч сонин сар шинийн өмнөхөн “Гал бич жилийн 9 алдартан”-ыг олон нийтийн саналаар тодруулан өргөмжилсөн билээ.

- Сайхан хаваржиж байна уу, “Гал бич жилийн Алдартан”-аар тодорч өргөмжлөлөө гардаж авлаа. Танд баяр хүргэе?
- Баярлалаа. Нутгийн зон олондоо сар шинийн мэнд хүргэж, сайн сайхныг хүсье. Алтан унжлагат тахиа жилдээ та бүхний маань ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байж, есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.
Өнгөрч буй гал бич жил миний болоод манай нутгийнхны хувьд амжилт бүтээл дүүрэн, азтай, одтой, сайхан жил байлаа. Тэмээн сүргийн тоогоор аймагтаа тэргүүлж, “Аймгийн манлай малчин” боллоо. Сар шинийн өмнөхөн иргэд, олон нийтийн саналаар “Гал бич жилийн Алдартан” боллоо. Миний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлсэн аймаг, сумын удирдлагууд, нийт ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Олон нийтийн саналаар тухайн оны Алдартанг шалгаруулах ажлыг амжилттай, сайн зохион байгуулдаг танай сонины хамт олонд талархал илэрхийлье.
- Таны аав ээж бас аймаг, сумын аварга малчид шүү дээ. Та удмын тэмээчин хүн үү?
- Манай аав нэгдлийн тэмээ 30 гаруй жил хариулсан, сум, аймгийн аварга малчин хүн байсан. Миний ээжийг М.Даваасүрэн гэдэг. Одоо 70 гаруй настай. Насаараа л мал малласан, сум, аймгийн аварга саальчин хүн. Хөдөлмөрийн хүндэт медальтай, нутаг усандаа нэр хүндтэй, сайхан буурал бий миний ээж. Нутгийн настан буурлууд намайг таван үеийн тэмээчин хүн гэж ярьдаг. Миний аав, аавын аав нутаг усандаа нэртэй тэмээчид байсан.

Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Загийн хоолой” гэж манайхан үе удмаараа нутаглаж ирсэн сайхан нутаг бий. Жинхэнэ тэмээний орон. Энэ нутагт л тэмээгээ маллан амьдарч байна. Миний өдий зэрэгтэй, сайхан яваа маань энэ нутаг усны буян хишиг гэж бодож, нутаг усандаа залбирч явдаг даа.
- Хичнээн жил мал маллаж байна вэ, тэр дундаа тэмээг...?
- 8 дугаар ангиа төгсөөд л мал малласан. 1999 онд хань ижилтэй болж, тусдаа гарахад аав минь 80 гаруй тэмээ тасалж өгч байсан. Түүнээс хойш л тэмээгээ гардаж маллаж байна. Хоёр удаа сүрхий зуд болсон. Гэхдээ гайгүй давсан л даа.
- Сайн малчдын хөдөлмөрийг эхнэр хүн үүрэлцэж явдаг. Гэр бүлээ танилцуулвал...?
- Миний эхнэрийг Р.Даваасүрэн гэдэг. 1999 онд айл болсноос хойш гурван хүүхэдтэй болж, сайхан амьдарч явна. Миний хань ээжтэй маань ижил нэртэй. Үүнийг нь би их бэлэгшээж явдаг юм. Малчин хүний цаг наргүй хөдөлмөрийн талыг нь эхнэр хүн үүрч, хамт зүтгэж явдаг. Төр засгаас ч аймгийн аварга малчдын эхнэрт нь шагнал гардуулдаг болсон байна лээ. Энэ бол их зөв ажил гэж бодож байгаа.
- Залгамж халаа малчнаа бэлдэж байна уу?
- Том хүүхэд маань 12 дугаар ангиа энэ жил төгсөнө. Цааш нь сургууль соёлоор явуулна гэж бодож байгаа. Дунд хүүгээ 9 дүгээр анги төгсгөөд хөдөө гаргасан. Их дээд сургууль төгссөн хойно нь хөдөө гаргах гэхээр малаас хөндийрчихдөг. Тийм болохоор багаас нь мал маллах арга ухааныг сургаж, 6 дахь үеийн тэмээчнээ одооноос бэлдэх зорилгоор нэг хүүгээ мал дээр гаргаад байгаа.
-    Тэмээ хариулах арга туршлагыг ааваасаа өвлөж авсан байх...?
-    Тэмээчин болоход аавын маань захиас, сургааль маш их байлгүй яахав. “Тэмээ гэдэг урт хөлийн мал. Түмэнд эвтэй яваарай, хол ойрын хүний малын сургийг гаргаж өгч явбал эргээд их тус ирдэг юм шүү” гэж их захидаг байсан даа, аав минь.
Мөн ах дүү нар, нутаг ойр нутаглаж байгаа малчдын маань дэмжлэг их бий. Ах нараас дутахгүй зөвлөдөг хүмүүс ч олон бий. Манай суманд тэмээ өсгөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа тэмээчин н.Энхжаргал, С.Хүрэлбаатар, н.Бумцэнд гээд аймаг, сумын аварга малчид бий.
- Энэ жил хичнээн мал тоолуулав, хэдэн ингэ ботголох вэ?
- 900 гаруй мал тоолуулсны 500 гаруй нь тэмээ. Энэ жил 100-аад ингэ ботголно. Ингэ хоёр жилд нэг удаа ботголдог учраас нэг ээлжиндээ 100 ингэ ботголуулдаг.
- Тэмээ маллахад юуг илүү анхаарах ёстой вэ, Тэмээ маллахын давуу тал?
- Тэмээ бол хоол голдоггүй, харгана, бударганаар л хооллочихно. Зуд турхан давах чадвартай, нэг ус уучихад 7 хоног усгүй явчихдаг амьтан шүү дээ. Бэлчээр талхалдаггүй, экологи, бэлчээрийн даацад сөрөг нөлөөгүй. Ноос үс, сааль сүү, мах гээд ашиг шим сайтай мал даа. Хамгийн чухал юм бол хээлтүүлэгч цус холтой байх. Цус ойртох юм бол тэмээ давжаардаг, амьдрах чадвар нь мууддаг. Холоос буур тавьж, цусыг нь холдуулах юм бол ботголох үедээ ч хэрийн хүйтнийг даагаад гарна.
Манай Баруунбаян-Улааны урд хоолой бол жинхэнэ тэмээний нутаг. Нутаг таарахгүй газраа тэмээ тогтдоггүй, шөнөдөө цуваад л хүрээд ирдэг. Нутаг таараагүй тэмээний зүс нь хөхөрчихдөг. Тэмээг тэнэг мал гэж ярьдаг. Гэтэл тэмээ шиг ухаантай мал байхгүй. Ботгонд нь зарчихсан байлаа гэхэд том болсон хойноо хүрээд ирдэг. Их нутаг амьтай амьтан даа.
- Тэмээг уналга, эдэлгээнд сургахаа больсон. Энэ тал дээр таны бодол...?
- Энэ үнэн л дээ. Хятад мотоцикль унаж давхиад морь, тэмээгээ унаж эдлэхээ больсон шүү дээ. Миний хувьд тэмээгээ ачаалахгүй ч гэсэн уналганд бол хэрэглэнэ. Өнгөрсөн жил 30 гаруй тэмээ сургасан. Уналга, ачилганд сургах тусмаа тэмээний бие нь бяцарч том болдог. Эдэлгээ үзсэн тэмээний мах илүү жин дарах жишээтэй.
- Тэмээнийхээ айраг, цагааг борлуулдаг уу?

- Аймгийн сургуулиудын үдийн цайнд нийлүүлдэг болохоор цагаан идээ борлуулах тал дээр асуудал гадаггүй.

- Тэмээчдийн өмнө тулгамдаж буй асуудал юу байна вэ?
- Жилээс жилд тэмээний ноос үнэгүйдэж байна. Долоо, найман мянгатай байсан бол одоо бүр хоёр мянган төгрөг болчихлоо. Төр засгаас энэ тал дээр арга хэмжээ аваасай гэж бодох юм.  Уул нь боловсруулаад ашиглаж чадвал дулаахан зөөлөн, ялангуяа торомны ноос бол ноолуураас дутах юм байхгүй л дээ. Тэмээчдийн холбоо байгуулагдсан нь их зөв ажлын эхлэл болсон гэж бодож байгаа. Тэмээчид маань арга туршлагаа хуваалцах, тэмээ малаа сурах, хоорондоо танилцах гээд их давуу талтай сайхан ажлын эхлэл тавигдсан гэж үзэж байгаа.
Тэмээтэй аль нэг сумандаа ингэний цагаан идээг боловсруулах, тэмээний гаралтай бүтээгдэхүүнээр юм хийх үйлдвэр байгуулвал их сайхан ажил болох байх гэж бодож явдаг даа.
- Ярилцсанд баярлалаа. Улсын аварга малчин болохын ерөөл дэвшүүлье.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ