Хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүд ба 1-4 хүртэлх сэтгэгдэл

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-03-10 12:38:40

Нэг.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-нд Сүхбаатарын талбай дээр гурван хагас нүцгэн хүүхэн жагсаж, тэмцэл эхлүүлсэн тухай мэдээлэл Монголчуудын дунд халуун сэдэв болж байна.

Юун түрүүнд Б.Болор-Эрдэнэ, Ч.Алтанзагас, Чанцал гэх гурван эмэгтэйн зүүсэн уриа лоозонгоос эхний дүгнэлтийг хийж үзэхэд тэд дан ганц хувь хүний эрхийн төлөө биш Монголын бүх эмэгтэйчүүдийн төлөөлөл болж эх орныхоо төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэж, ийнхүү зориглон тэмцэл эхлүүлсэн нь харагдана.

“Эдийн засгийн боолчиллоо зогсоо” гэх үг цаашид бид нээрэн яах болж байна гэх бодол төрүүлж, сэтгэл эмзэглүүлээд орхив.

Эмэгтэйчүүд анх удаа олноороо өөрсдийн амьдралыг өөрчилж, эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэй байхын төлөө тэмцэж эхлэхээр шийдсэн цаг үе 1857 оны 3-р сарын 8-наас эхэлдэг. Нью-Йорк хотод гутлын болон оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаалд цугларчээ. Тэд өдрийн ажлын 10 цагтай байх, ажлын орчныг чийггүй хуурай болгох, мөн эрэгтэйчүүдтэй адил цалин хөлс өгөхийг шаардсан юм. Тухайн үед эрэгтэйчүүд хоногт 10 цаг ажилладаг байсан бол эмэгтэйчүүд 16 цаг ажилладаг байв. Мөн тэд сонгуульд оролцох эрхийг давхар шаардсан. Үүнээс үзэхэд эмэгтэй хүн өөрсдийн гэсэн оршихуй, амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийж ялах, ялагдал амсахын алийг нь ч мэдэрч байгаагүй нэгэн хэвийн уйтгарт нөхцөл байдалд тэвчээр гарган аж төрдөг байсан нь тодорхой. Тэдэнд улс орны удирдагчаа сонгох ч эрх байсангүй. Харин үүнийхээ төлөө тэмцэж, нэгэн уриан дор нэгдэж чадсанаараа өөрсдийгөө бүтээж, Мерилин Монро “Охидод зөв гутлыг нь өмсгөвөл тэд дэлхийг байлдан дагуулна” гэж хэлсэн байдаг шиг зөв гутлаа сонгон өмсч чадсан билээ.

Харин Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэн жагсч, бусдыг тэмцэлд уриалсан гурван бүсгүй зөв гутлаа сонгож өмсч чадсан уу гэдэгт хүн бүхэн өөрийн байр суурин дээрээс хариулт өгч байна. Хамгийн гол нь цахим ертөнц дээрх сэтгэгдэл, хүмүүсийн байрь суурийг харахад ихэнх нь “Оффшорчдыг шалгаж хариуцлага хүлээлгэ", "Бидэнд баярлах шалтгаан алга" уриатай тэмцэгчдийн талд байгаа юм.

Хэдийгээр манай улсад анх удаа ийм үйл явдал тохиолдож байгаа боловч гурван бүсгүй маань дэлхий нийтийн жишгийг дагаж жагсах өдрөө тун зөв сонгосон нь сайн хэрэг. Өнөөдөр бидний амьдарч суугаа эх орон минь Сири, Афган зэрэг улс орнууд шиг дүрвэн зугтахаар хэцүү байдалд бус байгаа ч “чимээгүй дайны аюул” ойртож байх шиг олон хүнд асуудлуудтай нүүр тулж зогсоо нь бас ч оргүй хоосон зүйл биш юм аа.

Хоёр.

Жагсаалыг өөрийн санаачилгаар эхлүүлсэн болохоо тэмцэгчдийн нэг Б.Болор-Эрдэнэ гэх бүсгүй цахимаар дамжуулан мэдээлсэн. “Цагдаа нар намайг хайх хэрэггүй” гэж хэлээд утасны дугаараа хүртэл хэлээд орхив. Цагдаа нарыг түр  хойш нь тавьчихая л даа. Магадгүй нэн түрүүн хэвлэл мэдээллийнхэн яриа авч, болсон зүйлийн талаар тодруулахын тулд залгаж таарна.  Олон нийтийн сүлжээнд утасны дугаараа шуудхан хэлээд орхиж байгаагаас харвал зүгээр хэлбэрдэгч төдий биш бололтой хэмээн түрхэн зуур бодов. Гэтэл залгаад үзтэл холбогдох боломжгүй гэсэн хариу өглөө. Бичлэгийг цацсан “Sanchir Online” пэйж хуудас руу зурвас илгээсэн ч тусыг эс олов.

Харин оройн зургаан цагийн үед Б.Болор-Эрдэнийн утас холбогдсон бөгөөд дээрх асуудлаар уулзах хүсэлт тавиад орхивол их л уриалгахан зөвшөөрлөө. “Хоёулаа 7 өнгөрөөгөөд уулзсан нь дээр байх. Би яг одоо нэг телевиз рүү орж явна” гээд утсаа салгав. Үнэхээр хэвлэлийнхний дунд их эрэлттэй байгаа бололтой.

Олон нийтийн дунд жагсаалын үеэр баривчлах ажиллагаа явуулсан тухай ярьж байлаа. Зарим нь “Машинд суулгаад авч явсан” хэмээн барим, тавим хэлж байна. Харин УБХЦГ-ын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах газрын тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амар-Мөрөнөөс тодруулахад, “Цагдаагийн газар тэднийг баривчлаагүй. Уг эмэгтэйчүүд яагаад хагас нүцгэн жагсах болсныг шалгаж буй бөгөөд хэргийн талаар “материалжуулж” байгаа” гэх хариулт өгсөн юм. Мөн жагсагч Б.Болор-Эрдэнэ ч өөрөө “Биднийг албадан явуулах гэж оролдсон ч тэмцлээ үргэлжлүүлж чадсан. Бид баривчлагдаагүй” хэмээв.

Гэвч чих худал нүд үнэн гэдэг дээ. Эмэгтэйчүүд хэрхэн жагссан хийгээд болж буй үйл явдлын талаарх бичлэг олон нийтэд ил болсон. Тэд жагсаалаа эхлээд 3 минут шахуу хугацаа болж байхад хэдийн цагдаа нар ирсэн бөгөөд хүчээр явуулах гэж оролдон бүр чирч, гулдарч байсныг тодхон харж болно. Хэдийгээр цагдаа нарын  ажил хэцүү, ард түмний эсрэг хөдлөх явдал үргэлжид гарч тэдэнд муулуулж, зүхүүлж явдаг хэдий ч “монгол” хүн гэдгээ ухамсарладаг баймаар. Бүр хүчээр өргөж машинд суулгах гээд байсныг нь яана. Тэднийг баривчлах нь зүй бус хэрэг. Авч яваад яг яах гэж байгаа юм бол оо? Тэгээд бүүр тэмцэх ёстой эрх дарх нь бүрэн олгогдчихсон байдаг өдөр шүү дээ.

Мөн 3 дугаар сарын 8-нд Киев хотноо болсон жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс баривчлагдсан тухай мэдээлэл байна. Тэд элдэв бодис бүхий лонх гартаа барьсан байжээ. Уг баривчлагдсан этгээдүүд бүсгүйчүүдийн жагсаалыг тасалдуулахыг оролдсон аж. Тэд арга хэмжээний үеэр жагсаалд оролцогчдыг ногоон өнгийн уусмалаар цацсан байна.

Харин манай Сүхбаатарын талбайд болсон жагсаалын үеэр цөөн эмэгтэйчүүд, хоёр гурван залуу цагдаа нарын хүчээр авч явах гэсэн жагсагчдыг өмөөрч хууль хүчний ажилчидтай шөргөөцөлдөөд авч буйг үйл явдлын бичлэгээс харж болно.

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг чинь үр хүүхэд, гэр бүлээ цаашилбал улс орны эрх ашгийн асуудал юм. Энэ өдөр дан ганц баярлах биш, эрхээ хамгаалж шударга байхыг шаардаж, түүнийгээ илэрхийлж байгаа нь зөв зүйтэй.      

Гурав.           

Жагсаалыг анх өөрийн биеэр санаачилж хэрэгжүүлсэн гэх Б.Болор-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Тэр өөрийгөө эмэгтэйчүүдийн эрх, улс орныхоо төлөө тэмцэхээр хатуу шийдсэн жирийн нэг монгол эмэгтэйн нэг гэж танилцуулсан бөгөөд эрхэлдэг ажил, албан тушаал нь энд огтхон ч хамаагүй тул зөвхөн гол асуудалдаа бид орсон билээ.

-Юуны учир тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, хагас нүцгэн жагсах болов?

-Хэн нэгэн эхлүүлэх хэрэгтэй зүйл байсан. Тэгэхгүй бол хэн ч хөдлөхгүй, Монголын ард түмэн чимээгүй суусаар л байна. Тиймээс л энэ тэмцлийг эхлүүлсэн. Гадаадад эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө нүцгэн жагссан мэдээлэл байж л байдаг.

-Маш эрсдэлтэй алхам шүү дээ. Эмэгтэйчүүдийн нийгэмд тулгамдаад буй асуудал, тэдний эрхийн төлөө тэмцэж болох л байсан. Яагаад заавал улс төр, оффшорчдын асуудлыг сөхсөн юм бол. Үүнд ямар нэгэн захиалга бий гэсэн хандлага олон нийтийн дунд төрөөд байна. Ямарваа нэгэн том албан тушаалтан захиалга өгөөгүй бол цагдаа, хууль хүчний байгууллагуудаас айхгүйгээр ийм зүйл хийж чадах байсан болов уу гэх хардлага надад ч бас төрсөн л дөө?

-Тийм зүйл огт байхгүй. Би өөрөө санаачилж эхлүүлсэн. Өнөөдөр бид ямар хэцүү нийгэмд амьдарч байгаагаа ойлгохгүй байгаа. Эдийн засгийн хямрал манай улсыг хурц шүдтэй харх шиг л мэрж байна. Оффшорчид нь гадаадад амьдарч, ард түмнээ шоолж сууна. Энэ бүхнийг таслан зогсоож, монгол хүмүүс ирээдүйд эх орондоо сайхан амьдрахыг хүсч байвал одооноос л нэгдэх хэрэгтэй. Үүнд ямарч захиалга байхгүй.

-Цагдаагийн газраас мөрдөх үйл ажиллагаа явуулж, гэрээр тань очсон талаар мэдээлж байсан. Энэ тухай ярихгүй юу?

-Тийм ээ. Цагдаагийнхан ар гэрээр маань очиж биднийг шалгаж, дуудаж байцаалт хүртэл авсан. Бидний сууж явсан таксины жолоочыг хүртэл шалгаж, мэдүүлэг авсан байна лээ. Надад тэднээс нуугдаж зугтах хүсэл байхгүй. Би огтхон ч айхгүй байгаа. Мэдээж тэд энэ хэргийн ард том хүн нуугдаж байгаа гэж бодоод, түүнийг илрүүлнэ гэх биз. Үнэндээ тийм зүйл байхгүй. Төрд бугшсан идээ бээрийг устгаж, цэвэр ариун нийгэм бий болгох л зорилго бидэнд бий. Бид тэмцлээ цаашид үргэлжлүүлэх болно.                       

Дөрөв.

Мөн тус өдөр  оффшорчдыг эсэргүүцэн Лондон хотноо Монголын ЭСЯ-ны гадна Г.Ичинхорлоо гэх монгол эмэгтэй тайван жагсаал хийсэн. Харин түүнд ямар ч цагдаа, тагнуулынхан саад учруулаагүй бөгөөд Мартын 8-ны энэ өдөр тэмцэх эрхийг нь хүндэтгэж байжээ. Гэтэл манай улсад өөрийн эх орондоо эрхийнхээ төлөө тэмцэж буй эмэгтэйчүүдийн жагсаалыг албадан тарааж, баривчлах гэж буй нь Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн явдал юм.

Баярынхаа өдөр хань, үр хүүхдүүдтэйгээ баярлаж суухын оронд -10 хэмийн хүйтэнд дотуур хувцастайгаа зогсох тэднийг  эрх баригчдын оффшор дансны асуудал хагас нүцгэлж, лоозон барихад хүргэсэн нь тодорхой болсон. Мөн Англид ч энэ асуудлаар монгол эмэгтэй тайван жагсаал хийсэн нь олны хардлагыг төрүүлж зохион байгуулалттай жүжиг гэж нэрлэхэд хүргээд байна.

Гол нь эх сурвалжаас авсан мэдээллээр одоохондоо энэ бүхний ард ямар нэгэн захиалагч байхгүй гэж үзэж болохоор. Тэд өөрсдийн шударга бус нийгмийг эсэргүүцэж,  эх орныхоо төлөө тэмцэл эхлүүлсэн гэдгээ дээр дурдсан.

Хамгийн гол нь манай эх оронд асуудал болоод буй оффшорчдын эсрэг өөрсдийнхөө эрхийг хамгаалах өдөр тэмцэл эхлүүлсэн тэднийг шалгаж, байцаах нь дэндүү бусармаг үйлдэл санагдана. Аль ч улс оронд 3 сарын 8-нд буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөө жагсаж, цуглаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь байдаг асуудал бөгөөд Цагдаа хүчний байгууллага хүчээр баривчлан, албадан тарааж байсан удаагүй. Харин ч эсрэгээрээ жагсаалыг нь сүйтгэх гэж оролдсон хүмүүсийг цагдаагийнхан барьж, саатуулсан хэрэг Киев хотноо болсон талаар дээр дурдсан.

Ямартай ч жагсаалыг удирдагч гэж өөрийгөө зарласан, зоригтой монгол бүсгүй ингэж хэлсэн. “Энэ бол эхлэл”.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ