АНУ 400 цэргээ Сири рүү нэмж илгээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./VOA/. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл “Лалын улс” террорист бүлэглэлээс Ракка хотыг чөлөөлөх ажиллагааг түргэвчлэх зорилгоор Сирийн хойд хэсэгт Америкийн цэргийн нэмэлт хүчийг байрлуулах тухай шийдвэрийг пүрэв гарагт гаргалаа.
Одоо 500 хүний бүрэлдэхүүнтэй Америкийн цэргийн баг Сирид үүрэг гүйцэтгэж байгаа юм. “Нийтдээ 400 орчим цэргийн албан хаагчийг тийш нь илгээж байгаа бөгөөд тэд Сирид түр хугацаагаар байрлана” гэж эвслийн төлөөлөгч, АНУ-ын Агаарын цэргийн хүчний хурандаа Жон Дорриан мэдэгдлээ.
Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, одоогийн байдлаар “Лалын улсын”-ын нийслэл гэгдэж буй Ракка хотод тус бүлэглэлийн 4 мянга орчим байлдагчид байгаа аж.
Дээрх 400 цэргээс гадна АНУ-ын тэнгисийн явган цэргүүд Раккагаас хойд зүгт 140 км-ийн зайд Турктэй залгаа хилийн ойролцоо орших Сирийн өөр нэгэн хот Манбиж-д хүрэлцэн ирж байрлажээ. Тэдний зорилго бол Туркээс дэмжлэг авч буй босогчид болон арабын омгууд, Курдын сайн дурын хүчнээс бүрддэг Сирийн Ардчилсан хүчнүүдийн хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлэх явдал юм.
О.Барс