Хэсгийн төлөөлөгчийнхөө эсрэг гомдол гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-09 21:19:00

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Наранбулаг сумын иргэд хэсгийн төлөөлөгчийнхөө эсрэг гомдлыг аймгийн Цагдаагийн газарт гаргасан байна.

Тус сумын хэсгийн төлөөлөгч Н.Жамболат нь иргэдтэй зүй бус харьцдаг, энгийн иргэдийг зодож дарамталдаг, албан тушаалаа хэтрүүлэн ашигладаг хэмээн Наранбулагчууд удаа дараа гомдол гаргажээ. Энэ дагуу аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа С.Соронзонболдоор ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийсэн байна. Энэ үеэр уулзалтад оролцсон хүмүүс Наранбулаг сумын 10 хүн тутмын нэг нь хэсгийн төлөөлөгчдөө доромжлуулсан гэсэн бол хэсгийн төлөөлөгч Жамболатын хувьд гомдол гаргаж байгаа иргэдийн дийлэнх нь хэрэгт холбогдож байсан хүмүүс, намайг гүтгэж байна гэжээ.

Тэрбээр цааш нь, “Миний хувьд иргэдтэй ёс зүйгүй харьцсан зүйл байхгүй, нэг хэсэг хүмүүс ах дүүгээрээ нийлж намайг гүтгэж байна. Архины зөвшөөрөлгүй мөртлөө шөнөжин архи зардаг хүний хатгаасаар ийм юм болж байна” гэжээ. Ямартай ч Наранбулаг сумын иргэд хэсгийн төлөөлөгчөө тус суманд ажиллах эрхийг нь цуцалж өгөх, цаашлаад төрийн албан хаагч байх эрхийг нь хасах саналтай байгаагаа Цагдаагийнханд хэлсэн аж.

Сумдын хэсгийн төлөөлөгчийг Цагдаагийн Ерөнхий газраас томилдог байна. Иймээс дээд газартаа нөхцөл байдлыг танилцуулж, хуулийн хүрээнд эргэж хариу өгнө хэмээн дэд хурандаа С.Соронзонболд Наранбулагчуудад хэлжээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ