“Бух” хайрханыг өдөрт 300 гаруй иргэд зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-08 19:35:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн иргэд сар шинийн өдрүүдэд Архангай аймгийн нутагт байдаг “Бух” хайрханыг зорьж мал сүрэг, ажил үйлсээ даатган залбирах нь өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж зөвхөн Хөвсгөлөөс өдөрт 300 гаруй иргэн зорьж байна.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Идэр, Чулуут голын бэлчир дэх хос хүрмэн хясааны дунд хэвтэж буй бухын хэлбэртэй томоохон чулууг “Бух” хайрхан шүтээн гэж нэрлэн олон жил шүтэн тахьсаар иржээ. Ялангуяа сар шинийн дараа Архангай, Хөвсгөл, Булган, Завхан зэрэг аймгийн ойролцоох сумдын иргэд зорин ирж мөргөн залбирдаг ажээ. Тэр тусмаа шинийн найманд багтан хайрханыг зорьсон иргэд их байдаг бөгөөд энэ жил шинийн 8 байгаагүй тул шинийн 7-ы өдөр тус газар энд дараалал үүсч хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Тус хайрханы тухай “Эрт цагт  тус газар аварга могойн аюул нүүрлэж байсан үед жаран бухын тэргүүн цэнхэр бух дарж хэвтэн ард түмэнд жаргал авчирсан” гэж домогт өгүүлдэг байна. Тус хайрхан шүтээн хүний шүтлэгийн хирээр хүслийг биелүүлдэг увидастай гэж хүндэтгэн дээдэлж мөргөж, идээ будаа, цай сүүнийхээ дээжийг өргөн элс дээжээс нь амсаж, хүслээ шивнэдэг ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ