Дадал сумын бөхийн холбоо бүтэц бүрэлдэхүүнээ шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-07 16:27:56

Хэнтий /МОНЦАМЭ/. Эзэн Чингисийн тоонот Дадал сумын хүчтэний холбоо бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэхээр хуралдаж, тус сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Дадал сумын уугуул Ж.Хүрэлбаатар сонгогдсон байна.

Мөн Улаанбаатар хот хариуцсан дэд тэргүүнээр "Уран дөш" ХХК-ийн захирал Т.Батсайхан, Хэнтий аймаг хариуцсан дэд тэргүүнээр Г.Самдан аваргын нэрэмжит тэмцээнийг 12 жил ивээн тэтгэсэн, "Суварга эв" ХХК-ийн захирал Д.Дашдондог, Дадал сум хариуцсан дэд тэргүүнээр Б.Алтанхүү, Ерөнхий нарийн бичгийн даргаар сумын ЕБС-ийн захирал Д.Дамдинпүрэв нар сонгогдсон аж.

Энэ үеэр Дадал сумын бөхийн холбоонд Б.Оюунбаатар, Б.Баттулга, Б.Алтанхүү, Г.Нэргүйбаатар, О.Дугар, Ж.Хүрэлбаатар тэргүүтэй 13 хүн шинээр элссэн байна.

Дадал сумын үндэсний бөхийн "Бэлгүдэй" холбоо нь анх 1997 онд байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд ийнхүү бүтэц бүрэлдэхүүнээ шинэчиллээ.

Мөн энэ үеэр тус үйл ажиллагаанд зориулсан аймаг сумын цолтой хүчит 32 бөхийн барилдааныг зохион байгуулж, барилдаанд Хэнтий аймгийн Биндэр сумын харъяат, Хил хамгаалах Ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Дадал суман дахь хилийн цэргийн 0287-р ангийн бөх Аймгийн арслан Г.Ганцоож түрүүлж, Жаргалтхаан сумын харъяат Хил хамгаалах Ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, хилийн цэргийн 0253-р анги, "Энсада холдинг" ХХК-ийн бөх Аймгийн арслан Ш.Отгонтөгс үзүүрлэж, Дэлгэрхаан сумын харъяат, сумо бөхийн Дэлхийн залуучуудын аварга, Олон улсын хэмжээний мастер, Хил хамгаалах Ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, хилийн цэргийн 0253-р анги, "Мөрөн транс" ХХК-ийн бөх Аймгийн арслан Д.Аззаяа, Дадал сумын харъяат Хэнтий аймаг дахь ШШГА-Хорих 0419-р ангийн бөх, Аймгийн заан Ө.Эрдэнэбулган нар их шөвгийн дөрөвт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, Дадал суманд 7 хоног амрах эрхийн бичгээр тус тус шагнагджээ.

Сонирхуулахад Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат “Босоо” хэмээх Г.Самдан аваргын нэрэмжит тойргийн цол олгодог барилдааныг 2018 онд Дадал суманд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.  

Д.Одонтунгалаг

 

 

Холбоотой мэдээ