Зохиолч Д.Энхболдын шинэ түүвэр мэндэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-10-20 17:45:02

Уншигчдын дунд “Паанан” хэмээх нэрээр илүү танигдсан зохиолч Д.Энхболдын “Өвс ногоо аниргүй” өгүүллэгийн түүвэр уншигчдын гарт очлоо.

Түүний номд 40 гаруй бүтээл багтжээ. Энэхүү өгүүллэгийн ном бол сүүлийн хэдэн жил хийсэн ажлын тайлан хэмээн зохиолч онцолж байна. Тэрбээр удахгүй шинэ романаа хэвлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

1990 оны эхэн үеэс өгүүллэг, үргэлжилсэн үгийн зохиолоор уншигчдад танил болсон түүний "Битүү морь", "Паанан", "Буйлс дахин цэцэглэх цагаар" зэрэг бүтээлийг уншигчид сайн мэднэ. Тухайлбал, “Казиног номхотгосон түүх” хэмээх ном нь хэвлэгдсэн даруйдаа Монголын хамгийн их уншигчтай номоор шалгарч, шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагналын эзэн болж байв.

Тэрбээр богино өгүүллэг, туужийн олон ном хэвлүүлж байснаас гадна хэд хэдэн киноны зохиол бичсэн юм. Түүний “Соёо” туужаас сэдэвлэн бүтээсэн кино олон улсын уралдаанд амжилттай оролцож, Азийн соёлын фондод хадгалагджээ. Мөн тэрбээр МҮОНТ-ийн уран бүтээл “Хоймор өнжих нар” олон ангид киноны зохиолыг бичсэн билээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ