Аж үйлдвэрийн гавъяат нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-25 20:39:28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 75 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулах ёслол Дархан хотын Залуучууд театрт болов.

Уг ёслолд аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын аймгийн удирдлагууд оролцож гардууллаа. Үүнд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 11, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 1, “Алтан гадас одон”-гоор 45, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 18 хүн тус тус шагнуулж энгэрээ мялаалаа. Мөн Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК-ний Ерөнхий инженер Г.Туяахүү Монгол улсын “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цолоор шагнуулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гарджээ. Шинэхэн гавъяатыг хүлээж авах ёслол тус станцад өчигдөр орой болсон байна.

Г.Туяахүү нь тус станцад 30 гаруй жил инженерээрэр ажиллахдаа 18 жилд нь ерөнхий инженерээр ажиллаж станцын техникийн шинэчлэл хийх ажилд онцгой хувь нэмэр оруулсан хүн аж. Тус станцаас өмнө нь С.Эрдэнэ. Д.Гүрбазар нарын хоёр гавъяат төрж байжээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ