Орон байрны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-23 20:04:48

Хэнтий /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Сар-Шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Наранбат, цагдаа, цагдаагийн ахлагч С.Отгонбаярын хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа орон байрны хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ.

Жаргалтхаан сумын уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд оршин суугч Б гэгч нь тус сумын 5-р багт  оршин суух иргэн Г-г олон хоногоор эзгүй, эд хөрөнгөө ямар ч хараа хяналтгүй үлдээсэн байдлыг ашиглан гэрийнх нь хаалганы цоожийг төмрөөр хөшин эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, авдарнаас нь дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, дээлийн мөнгөн товч 5 ширхэг, хурган дотортой 3 дээлийг хулгайлсан байна.  

Гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг орхиж явсан байсныг цагдаагийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжилж, гэмт этгээдийг Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрээс гарч чадаагүй байхад нь баривчилж, хэргийг илрүүлжээ. Хэргийн холбогдогч Б нь урьд өмнө нь Улаанбаатар хотод орон байрны хулгайн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлж байсан ба иргэдийн гэр хашаа байнга эзэнгүй, ямар ч хараа хяналтгүй байдаг, гэр орон, авдар саванд нь үнэт эдлэл, үнэ бүхий зүйлс байдгийг судалсаны үндсэн дээр шөнийн цагаар орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж,  замын унаагаар Улаанбаатар хот руу явах зорилготой байсан аж. 

Иймд иргэд та бүхэн сар шинийн өдрүүдэд өөрсдийн гэр хашаа, эд хөрөнгөндөө тогтмол хяналт тавьж, хажуу айл болон хамаатан садандаа захиж үлдээх, гэр байшингийнхаа хаалга, цонхны түгжээг сайжруулж, бат бэх болгох, гэр байшингаа байнгын хүнтэй байлгахыг Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас анхааруулж, сэрэмжлүүлж байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ