Барилгын материалд сорьц шинжилгээ хийх лабораторийн өрөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-23 13:57:48

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар шинэ байрандаа нүүж орсноор барилгын материалд сорьц шинжилгээ хийх өрөөтэй болжээ.

Тус барилга нь зоорьтойгоо 3 давхар бөгөөд 1 дүгээр давхартаа Газрын удирдлагын хэлтэс, 2 давхартаа Захиргаа, аж ахуй, барилга байгуулалтын хэлтэс байрлаж байна. Харин зоорийн давхартаа барилгын материалд сорьц шинжилгээ хийх лабораторийн хэд хэдэн өрөөг төлөвлөжээ. Энэхүү лабораторид ажиллах мэргэжилтэн болон шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг 2018 он хүртэл шат дараатайгаар шийдвэрлэж, иж бүрэн барилгын материалын лабораторитой болох юм байна.

Уг барилгыг анх 2012 онд 500 сая төгрөгийн хөрөнгөөр барихаар Улсын төсөвт суулгасан бөгөөд гүйцэтгэгчээр “Морин сувд” ХХК шалгарч, барилгын ажил эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд царцаагдаад байсан юм. Барилгын ажил зогссон шалтгаан нь  2012 онд Барилга, хот, байгуулалтын сайдын 181 дүгээр тушаал гарсанаар барилгын төсөв зохиох заавар үнэлгээнд өөрчлөлт орсон, барилга байгууламжуудын төсөвт өртөг нэмэгдсэн, тухайн үеийн ажил хариуцсан албаны болон гүйцэтгэгч компаний хариуцлагагүй байдлаас шалтгаалсан явдал байв.

Ийнхүү олон жил дамнаснаар 500 сая төгрөгийн хөрөнгөөр баригдах байсан барилгын төсөвт өртөг нэмэгдэж, 719 сая төгрөгийн хөрөнгөөр баригдах шаардлагатай болсон ч төсвийн нэмэгдэл зардлыг шийдвэрлэх боломжгүй гэдэг шалтгаанаар барилгын ажил удааширсан байна.  Харин 2016 онд ерөнхий захиалагч Барилга, хот, байгуулалтын сайдтай барилга угсралтын гэрээг сунгаснаар Улсын төсвийн тодотголоор векселээр санхүүжих барилга байгууламжуудын жагсаалтад орж, нэмэгдэл 260 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдүүлж, шинэ оны эхэнд барилгыг ашиглалтад оруулаад байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ