Тариалан сумаас Улсын Аварга Тариаланч төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-23 13:16:44

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Тариалан сумын тариаланч Идэшийн Бүүвэйг "Монгол Улсын Аварга Тариаланч" цолоор шагнасаныг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат өчигдөр гардуулан өглөө.

И.Бүүвэй нь сүүлийн 20 гаруй жил газар тариалангийн салбарт тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, 80 гаруй га талбайгаас үр тариа, төмс, хүнсний ногоо, хадлан хураан авч иржээ. Сүүлийн 3 жилд нэгж талбайгаас авах ургацыг аймгийн дунджаас 20-24 цн-ээр нэмэгдүүлж тогтмол амжилтаа ахиулсаар байна. Тэрбээр газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлж, механикжуулах ажлыг сайн хийж байгаа бөгөөд 2014 онд бага оврын трактор, хадуур, тармуур, өндөр хүчин чадалтай трактор зэргийг худалдан авч үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байна. Тариаланч И.Бүүвэй өөрийн ажлын туршлага, мэдлэг чадвараа бусдад заан сургаж, амьдралаа дээшлүүлэхэд нь байнга анхаарч 8-12 хүнийг түр болон байнгын ажлын байраар ханган ажиллаж ирсэн аж. Мөн хадланг 45-55 цн/га, төмс хүнсний ногоог 160-180 цн/га нэгж талбайгаас хураан авч иргэд, малчдын хэрэгцээнд нийлүүлдэг байна.

Тэрбээр 1999, 2002, 2005 онд Сумын аварга тариаланч, 2012 онд Тэргүүний хоршоологч, 2014 онд “Хоршоологчдын одон”-гоор, 2015 оны аймгийн Тэргүүний тариаланч цол тэмдгээр шагнагдсан Увс аймгийн тэргүүний тариаланчдын нэг аж.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ