“Улсын Аварга Тариаланч” цолоор Т.Хүрэлбаатар шагнууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Энэ жил Увс аймгаас Улсын Аварга Тариаланчаар хоёр хүн тодорсоны нэг нь Улаангом сумын иргэн Түдэвийн Хүрэлбаатар юм.
Тэрбээр 2003 оноос эхлэн “Увс- Эккаунт” хоршооны цэцэрлэгч-жимсчинээр ажиллажээ. Энэ хугацаанд 0.4 га талбайд чацарганы эх мод тариалж, “Чандмань”, “Чуйская” сортын суулгац үржүүлж эхэлсэн ба одоо 1 га талбайд чацаргана, үхрийн нүд, 1 га-д бургас, шинэс модны үрслэг хийж байна. Өнгөрсөн хугацаанд байнгийн болон түр ажлын байранд давхардсан тоогоор 41 хүнийг ажиллуулж орлогыг нь нэмэгдүүлжээ. Т.Хүрэлбаатар нь өөрийн хань Д.Лхамхүүгийн хамт хоршооныхоо үйл ажиллагааг байнга өргөжүүлж ажилласны хүчинд гүний худаг, хамгаалалтын зурвас, ажилчдын байр, үйлчилгээний машинтай болсон байна. Мөн хурааж авсан чацарганаа боловсруулж, цэвэр тос, шүүс хийн зах зээлд нийлүүлж иржээ. Зөвхөн өөрийн хоршоонд ажиллахын зэрэгцээ таван аж ахуйн нэгж, 15 иргэнийг чацаргана тариалахад биечлэн тусалж, чацарганы суулгац 14251 ширхэг, үхрийн нүдний суулгац 863 ширхэгийг тариалуулсан байна. Ажлынхаа гүйцэтгэлийг өдөр тутам хөтөлж заншсан туршлагатай тариаланч тэрбээр 2005 оноос одоог хүртэл чацарганы нэг бутнаас 15-25 кг чацаргана жимс хураан авч байгаа аж. Мөн өөрийн бэлтсэн Чандмань, Чуйская сортын 17834 ширхэг суулгацыг дөрвөн аж ахуйн нэгж, 19 иргэнд нийлүүлсэн нь амжилттай ургаж байна. Тэрчлэн ойжуулах чиглэлээр 2 га талбайг Улсын ойн санд нийлүүлж, чацаргана жимс, чацарганы тос, чацарганы жүүс, Чуйская, Чандмань сортын суулгацаа Улсын мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжлүүлж, дүгнэлт гаргуулан захиалагч хэрэглэгчээ дээдлэн чанарыг эрхэмлэн ажиллаж иржээ.
Энэхүү амжилт бүтээлийг нь үнэлэн төр засгаас "Улсын Аварга Тариаланч" цолоор шагнасныг нь аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар өчигдөр гэрт нь очиж гардууллаа.
Б.Батхүү