Н.Саркози зочид буудлын бизнес эрхэлнэ

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-02-22 11:18:33

ПАРИC./TASS/. Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ялагдал хүлээсэн Францын Ерөнхийлөгч асан Никола Саркози бизнес эрхлэхээр шийджээ. Тэрбээр Accor Hotels зочид буудлуудын сүлжээний компанийн захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.

Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, ноён Саркози Accor Hotels-ын гадаад харилцааны асуудлыг хариуцах ажээ. Тэрбээр энэ албан тушаалд 2018 он хүртэл ажиллах юм.

“Олон улсын харилцааны салбарын туршлага болон геополитикийн асуудлаарх түүний өргөн мэдлэг нь манай компанийн хувьд давуу тал болно” гэж компанийн захирал Себастьен Базен онцолсон байна.

Өнгөрсөн оны намар Н.Саркози Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийг тодруулах сунгаанд оролцсон юм. Түүний нэр хүнд сайн байсан боловч Франсуа Фийон нарын зэрэг өрсөлдөгчиддөө ялагдсанаар хоёрдугаар шатанд шалгарч чадаагүй билээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ