Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан төсөл хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-21 22:41:00

Дархан-Уул / МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх уулзалтаа Дархан хотын Залуучууд театрт хийв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Эрдэнэбаяр, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нар болон тус аймгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Сайд уулзалтаа УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцсэн нийгмийн халамжийн чиглэлтэй хуулиудын талаар мэдээлэл хийж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав. Тэрбээр тус аймагт таван сар 15 хоногийн өмнө Ерөнхий сайдын хамт ирж иргэдтэй уулзах үед хамгийн их хөндөгдөж байсан аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэсийн хуучин байрыг цэцэрлэг болгох асуудлыг шийдвэрлэсэн талаар энэ удаагийн уулзалтаараа онцолж байсан юм.

Мөн ирэх долдугаар сараас эхэлж хэрэгжих “Ач санах” хуулийн хүрээнд төсөвт дарамт учруулахгүйгээр тэтгэврийн зээлийн хүүг бууруулж зорилтод бүлгийн ахмад настнууд тэтгэврийн дэвтрээ барьцаалахгүйгээр тэтгэврээ урьдчилж авах, шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа ахмадууд өөрсдөө банкаа сонгох зэрэг ахмад настнуудад чиглэсэн олон үр дүнтэй ажлыг хийхээр болсноо танилцууллаа.

Уулзалтын үеэр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар тус аймагт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Уг гэрээнд тусгагдсанаар Дархан-Уул аймагт нийт 1,4 тэрбум төгрөгийн зургаан төсөл хөтөлбөр хэрэгжих юм. “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль” энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар 121 мянга гаруй ахмад настан жилд хоёр удаа “Насны хишиг” хүртэх аж. Гурван цагийн турш үргэлжилсэн уг уулзалтын төгсгөлд Дархан сумын гуравдугаар багийн өндөр настан И.Оргил, 16 дугаар багийн өндөр настан С.Госоо нарт аймгийн ахмад настны төлөөлөл болгож “Насны хишиг”-ийг нь гардууллаа.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ирэх гуравдугаар сард тус аймагт дахин ирж ажиллахаар  төлөвлөснөө ярилаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

 

 

Холбоотой мэдээ