Хяргас сумаас Улсын аварга малчин төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-20 16:15:18

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Бужгарын Баяртогтох өчигдөр “Монгол Улсын Аварга Малчин” хэмээх эрхэм цолыг гардан авлаа.

Түүнд өргөө цагаан гэр, мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөлийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг нар гардуулан өгсөн юм. Хяргас суманд жолоочоор ажиллаж байсан Б.Баяртогтох, багшаар ажиллаж байсан Р.Цэвээн нар 1990 оноос хойш мал маллаж, эдгээр он жилүүдэд мал сүргээ үр төлөөр нь өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, үүлдэр угсааг нь сайжруулахад анхаарч, олон нийтийг уриалан идэвх санаачилгатай ажиллаж иржээ. Мөн мал эмнэлэг, үржлийн “Бор хайрхан” хоршоотой гэрээ байгуулан ажиллаж, мал сүргээ урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж эрүүл сүрэгтэй болж, 2003, 2006 онд Сумын аварга малчин болсон байна. Малын ашиг шимээрээ жилд дунджаар 15-20 сая төгрөгийн борлуулалт хийж, малын болон бусад татварыг цаг хугацаанд нь төлж, жил бүр өөрийн хүчээр 15-25 тн өвс тэжээл бэлтгэдэг байна. Тэрчлэн бэлчээрийг хуваарилж, зун намрын отор нүүдэл хийж, малдаа дунджаас дээш тарга хүч авахуулан, хашаа хороогоо засч сэлбэн, өвлийн бэлтгэлийг бүрэн хангаж хэвшжээ. Сүүлийн жилүүдэд 2011-2419 мал тоолуулж, бодод шилжүүлснээр 321 толгойд хүргэж, 100 хувиар төл бойжуулж, малаа 3 жил дарааллан төлөөр нь өсгөж, сүрэгт хээлтэгч малын эзлэх хувийн жин бодод 40, богт 55 хувьд хүргэж, ямааны эзлэх хувь нийт сүрэгт 22 хувь болж хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог бүрэн хангасан байна.

Малч ухаанаараа сум орон нутагтаа хүндлэгдсэн буурлуудад аймгийн Засаг даргын болон ИТХ-ын даргын шагналыг гардуулан баяр хүргэсэн байна. Үүнээс гадна Хяргас сумын удирдлагууд, нутгийн зон олон нь хүндэтгэл үзүүлжээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ