Жөн Намын үхэл: Малайз улс Пхеньянаас Элчин сайдаа эгүүлэн татлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-20 13:17:59

КУАЛА-ЛУМПУР. /ВВС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэлтэй холбоотойгоор үүссэн маргааны улмаас Малайз улс Пхеньянаас Элчин сайдаа эгүүлэн татлаа.

Өнгөрсөн  долоо хоногийн даваа гарагт Макао руу явах нислэгээ хүлээгээд Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудал дээр байж байхад нь Ким Жөн Намыг үл таних этгээдүүд хортой зүүгээр хатган хөнөөсөн билээ.

Малайзын цагдаа нар мэдэгдсэнээр, энэ хэрэгт холбогдуулан Умард Солонгосын дөрвөн иргэнийг тэд одоо эрэн сурвалжилж байна.

Пхеньянаас Куала-Лумпурт суугаа Элчин сайд Кан Чолыг мөн Малайзын ГХЯ дуудаж, өөрийн хийсэн мэдэгдлээ тайлбарлахыг шаарджээ.

“Куала-Лумпур дайсагнагч хүчнүүдтэй хуйвалдаж байна. Ким Жөн Намын үхлийн шалтгааны талаарх үнэнийг нуун дарагдуулж байна” гэж өнгөрсөн долоо хоногт Элчин сайд Кан Чол хэлсэн нь Малайзын эрх баригчдын дургүйцлийг хүргэжээ. Энэ мэдэгдэлдээ тодорхой тайлбар хийхийг Малайзын ГХЯ Элчин сайдаас шаардсан байна.

Жөн Намын үхлийн ард Умард Солонгос бий гэсэн таамаглал газар авч байгаа хэдий ч үүнийг нотлох тодорхой баримт байхгүй байгаа бөгөөд Пхеньян ч одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Малайзын цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан Умард Солонгосын иргэн болох Ри Жон Чол гэгчийг баривчлаад байгаа юм. Тэд мөн тус улсын өөр дөрвөн иргэнийг эрэн сурвалжилж байна. Гэхдээ энэ дөрвөн сэжигтэн Малайзаас хэдийн явсан байж болзошгүй.  Мөн уг хэрэгт холбогдуулан Индонез болон Вьетнамын иргэн болох хоёр эмэгтэйг баривчлаад байгаа билээ.

Малайз бол Умард Солонгостой дипломат харилцаатай цөөн хэдэн улсын нэг байсан юм. Харин Жөн Намын үхлийн улмаас хоёр улс хоорондын харилцаа хөндийрөөд байна.

Жөн Намын цогцсонд задлан шинжилгээ хийлгүйгээр шилжүүлэн өгөхийг Умард Солонгосын тал өнгөрсөн долоо хоногт шаардсан ч Малайз татгалзсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ