Трамп Шведийн тухай юу ярив?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-20 11:29:17

ЛОНДОН. /BBC/. Бямба гарагт Флоридад өөрийн дэмжигчдийн цуглаан дээр Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэхдээ: “Германд юу болсныг хар, өчигдөр орой Шведэд юу болсныг хар, Ингэнэ чинээ хэн санахав дээ! Шведэд шүү! Хаа сайгүй олон гарах боллоо. Тэдэнд санаанд оромгүй асуудлууд тулгарч байна” гэжээ.

Түүний ийн хэлсэн нь олныг гайхашруулав: цөөнгүй хүмүүс, тэр дундаа Шведийн Ерөнхий сайд асан хүртэл Трамп юу яриад байгааг ойлгосонгүй.

Трамп юуг хэлээд байгаа юм болоо?

Баасан гарагийн орой Fox News телевизээр гарсан баримтат киног Трамп хэлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Уг баримтат кинонд дүрвэгсэд Шведэд хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй тухай өгүүлжээ.

“Шведэд нээлттэй хаалганы бодлого явуулах болсноос хойш галт зэвсэг ашигласан мөн хүчирхийллийн гэмт хэргийн тоо эрс өссөн” хэмээн Америкийн баримтат киночин Эми Хоровиц Fox News телевизэд ярилцлага өгөхдөө 2013 онд дүрвэгсдийг их хэмжээгээр хүлээн авах болсон Шведийн шийдвэрийн талаар ярьжээ.

Fox News бол Дональд Трампын үзэх дуртай кабелийн телевизийн нэг гэдэг нь тодорхой болсон зүйл юм.

Шведийн цагаачлалын бодлогод юу тусгасан бэ?

9,5 сая хүн амтай Швед улс сүүлийн жилүүдэд бараг 200 мянган цагаач, дүрвэгч хүлээн авсан нь хүн амын нэг хүнд оногдох дүрвэгч цагаачийн тоогоороо европын аль ч улсаас илүү байгаа юм.

2015 онд дүрвэгчийн статус авахыг хүссэн хүний тоо эрс нэмэгджээ: тус улсад 160 мянга гаруй хүн ирсэн ба энэ нь түгшүүртэй байдлыг нэмэгдүүлж, цагаачид руу халдсан ганц нэг тохиолдол гарах болсон төдийгүй цагаачлалыг дэмжсэн болон эсэргүүцсэн жагсаал гарахад хүргэжээ.

Өнгөрсөн онд Швед улс хилийн шинэ дүрэмтэй болж хилээр нэвтрэх шалгалтын хугацааг нэмэгдүүлсэн төдийгүй эх орон руугаа сайн дураараа буцах цагаачдыг эд материалын хувьд дэмжин урамшуулах болсноор дүрвэгсдийн урсгал буурсан байна.

Швед аль хир аюулгүй орон бэ?

Шведэд бүхэлдээ гэмт хэргийн түвшин доогуур байдаг.

Албан ёсны тоон мэдээгээр 2016 онд өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг ялимгүй өссөн ба хувь хүний эсрэг үйлдэх гэмт хэрэг, луйврын тоо ялимгүй нэмэгдсэн бол хулгай, хар тамхитай холбоотой эрх зүйн зөрчил эсрэгээрээ буурчээ.

Террорист халдлагын хувьд ямар байна вэ?

Тус улс 2013 онд нээлттэй хаалганы бодлого явуулахаа зарласнаас хойш Шведэд нэг ч удаа террорист халдлага гараагүй байна.

2010 онд Стокгольм хотын төвд хоёр тэсрэх бөмбөг дэлбэрч Иракт төрсөн Шведийн нэг иргэн амиа алдаж, хоёр хүн шархадсаныг цагдаагийнхан террорист халдлага гэж үзсэн байна.

2015 оны 10 дугаар сард хэт барууны үзлийг баримтлагч нүүрээ халхалсан нэг этгээд сэлмээр сурагч багш хоёрын амь насыг бүрэлгэжээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Мальма-д “Лалын улс”-ын дайчид лалын төвийг галдан шатаасны хариуцлагыг өөр дээрээ авсан бол энэ тохиолдлыг Цагаан ордон террорист халдлагын жагсаалтанд оруулжээ.

Мөн Швед улс нь нэг хүнд ноогдох “Лалын улсын” дайчдын тоогоороо Европт тэргүүлдэг байна. Шведээс Сири, Ирак руу байлдахаар явсан 300 сайн дурынхнаас 140 орчим нь эх орондоо эргэж ирснээр эрх баригчдад тэднийг хэрхэн буцаан нийгэмшүүлэх талаар сайтар бодож боловсруулсан арга хэмжээ авахад хүргэжээ.

О.Барс

Холбоотой мэдээ