Хүүхдийн ордныг түшиглэн гэрлэх ёслолын танхимыг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-20 01:14:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх холбогдох мэргэжилтнүүдийнхээ хамтаар Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газарт  ажиллаж "Хариуцлага- хамтын ажиллагааны жил"-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлын чиглэлээр ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Энэ үеэр цаашид Мөрөн хотод хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, үйлчилгээг өргөжүүлэхэд анхаарч Хүүхдийн ордныг түшиглэн мини кино театр, гэрлэх ёслолын танхимыг бий болгохоор ярилцлаа.

Мөн"Аюулгүй Мөрөн" дэд хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд түр оршин суугчдын асуудалд анхаарч, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудыг цахим орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах, бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн үйлчилгээг тогтмолжуулах, багийн Засаг дарга, манай газрын мэргэжилтнүүдийн явуулын үйлчилгээг бий болгож багийн өрхүүдэд хүрч ажиллах, хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хохирогчийг түр хамгаалах байр бий болгох, сар бүр хүүхэд, залуучуудаа сонсох өдрийг зохион байгуулах зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Шинээр хэрэгжиж эхэлсэн Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хүрээнд Монгол Улсын Их хурал, Засгийн газраас эхлээд бүх шатны ИТХ, Засаг дарга, Эрүүл мэнд, боловсрол, соёл, хөдөлмөр халамж, хууль хяналт гээд салбар бүр тодорхой чиг үүрэг хүлээж байгаа тул хамтын ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа хамтран төлөвлөсөн ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ