“Хааны хүүхдүүд” цэцэрлэг шилдгээр шалгарав

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 12:16:57

Дархан хотын “Хувийн хэвшлийн шилдэг менежменттэй цэцэрлэг”-ээр шалгарсан Ч.Нарангэрэл эрхлэгчтэй “Хааны хүүхдүүд” цэцэрлэг нь Монтессори сургалтын аргыг баримтлан ажиллаж байна.

Монтессори сургалт нь дадал хэвшил, соёл, мэдрэхүй, хэл яриа, тоо тоололт гэсэн үндсэн таван чиглэлд явагдаж “Бэлтгэгдсэн орчинд хүүхэд өөрийнхөө үйлдлийн хүрээг тэлэнгээ бүтээлч сэтгэхүй, бие даах чадвар нь хөгжиж үйл ажиллагаанд багш хамгийн сайн ажиглагч, зааварлан чиглүүлэгч байдаг” гэсэн  онцлогтой юм. Энэхүү сургалтыг үндэслэсэн Мария  Монтессори нь Италийн анхны эмэгтэй эмч, сэтгэл  судлаач, сурган хүмүүжүүлэгч, гүн ухаанч, хүн судлаач эрдэмтэн хүн юм.

Тус цэцэрлэг нь 2003 оны есдүгээр сард шинэ Дарханы Хуучин хорооллын 19 дүгээр  байранд 16 хүүхэдтэй халамжийн цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж нэн ядуу амьдралтай өрхийн хүүхдүүдийг хамруулж сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтаа эхлүүлж байжээ.

Мөн 2007 онд Дархан сумын 15 дугаар багт  байрлах одоогийн цэцэрлэгийн барилгыг худалдан авч засвар хийж хур хог хаягдлыг нь цэвэрлэхэд нийт 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ийнхүү өөрийн гэсэн байртай болж хүчин чадлаа нэмэгдүүлснээр одоогийн байдлаар холимог хоёр бүлгийн 60 гаруй хүүхэд хүлээн авч хүмүүжүүлж байна. Эднийх мэргэжлийн 11 багш, ажилчин албан хаагчидтайгаар сургалтаа явуулж өнгөрсөн хугацаанд 200 гаруй хүүхдийг аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай бэлтгэж өгчээ.

                                              Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ