Залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөртэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-16 15:18:06

Увс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2016-2020 онд Залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Энэ хүрээнд аймгийн ГБХЗХГ-аас салбар, салбарын залуусын саналд тулгуурлан уг хөтөлбөрийг боловсруулахаар үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулж эхлээд байна. Анхны хэлэлцүүлэг Хөдөлмөрийн дээд сургуулийн багш, оюутнуудын дунд зохион байгуулагдсан бол өнөөдөр Улаангом политехник коллежийн оюутан сурагчдыг хамруулсан хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр өнөөгийн нийгэмд залуусын дунд тугамдаж буй асуудлуудыг хөндөн ярилцжээ. Тухайлбал өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу мэргэжил эзэмшин, ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй зүйл юу байдаг, сурч боловсроход өөрт болон гэр бүлд нь тулгамддаг зүйл, эрүүл мэндийн мэдлэгийг хэр хүртээмжтэй олж авдаг зэрэг асуудлаар ярилцсан байна.

“Залуучууд улс орныг хөгжүүлэх гол хөдөлгөгч хүч байх учиртай. Тэр ч утгаараа залуусаа хөгжүүлэх, тэднийг ажлын байраар хангах, амьдрах ая тухтай орчныг нь   бүрдүүлэхэд төр засгаас анхаарах нь чухал. Гэвч өнөөгийн нийгэмд энэ нөхцөл боломж төдийлөн хангагдахгүй байна. Иймд ирэх жилүүдэд залуучуудын нийгмийн оролцоог сайжруулах чиглэлээр олон ажил хийгдэнэ” хэмээн аймгийн ГБХЗХГ-ийн Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Өлзийбаяр онцоллоо.

Залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийг эрүүл мэнд, боловсрол, авъяас, ур чадвар, хөдөлмөр эрхлэлт, хөгжил, оролцоо, залуу гэр бүл гэсэн зорилтын хүрээнд боловсруулан батлах аж. Иймээс салбар салбарын залуусын саналыг сонсох зорилгоор үе шаттай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна. Залуучууд тус хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож өөрийн санал бодлоо илэрхийлэх нь чухал байгаа аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ