Ял шийтгэл авсан хүмүүсийн дийлэнх нь мэргэжилгүй, ажилгүй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-14 18:06:26

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхээр шийдвэрлэгдэж, ял шийтгэл сонссон хүмүүсийн дийлэнх нь буюу 62,6 хувь нь эзэмшсэн мэргэжилгүй, сургууль боловсролгүй хүмүүс байна.

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхээр шийдвэрлүүлж ял шийтгэл сонссон хүний тоо өнгөрөгч онд 81,5 хувиар өсчээ. Үүн дотроо бусдын бие мах бодид санаатайгаар хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг 14 хэргээр буюу 4,6 хувиар, хүчингийн гэмт хэрэг таван хэргээр буюу 2,7 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, олж авах, тээвэрлэх , илгээх борлуулах гэмт хэрэг 32 хэргээр буюу 76,1 хувиар өссөн нь ийнхүү ял шийтгэл сонсож байгаа хүмүүсийн тоо ихсэхэд нөлөөлсөн байна. Жишээ нь ганцхан мансууруулах төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо 81,5 хувиар өссөн байна.

Харин давтан гэмт хэрэгт холбогдож шүүхэр ял шийтгүүлсэн хүний тоо 24,5 хувиар, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 14,5 хувиар, эмэгтэй гэмт хэрэгтнй тоо 20 хувиар, насанд хүрээгүй ч гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн  хүний тоо 14,7 хувиар буурсан байна.

“Сүхбаатар аймагт өнгөрсөн жилд олны анхаарлыг татсан, шинэ төрлийн гэмт хэрэг хэд хэдэн тохиолдол гарлаа. Жишээлбэл: Тоглож байгаад бусдын амь насанд хүрэх, насанд хүрээгүй бага насны охидыг олон удаагийн давталттайгаар болон хэвтрийн өвчтэй биеэ хамгаалах чадварыг хүнийг хүчирхийлэх, мөн насанд хүрээгүй эрэгтэй хүүхдийг насанд хүрсэн эрэгтэй хүн өөрийн бэлгийн дур хүслийг хангах зорилгоор ёс бусаар хүчирхийлэх гэмт хэргүүд гарсан. Хүчингийн хэрэг хамгийн өсөлттэй байгаа бөгөөд өмнө нь ахуйн хүрээд үйлдэгддэг байсан бол сүүлийн үед гудамж талбайд болон хараа хяналтгүй явж байгаа бага насны охидыг,  ихэвчлэн 9-11р ангийн охидыг хуурч мэхлэн хүчирхийлэх хэрэг ихсэж байна. Иймд эцэг эх асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай” хэмээн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны Б.Ариунбаяр анхаарууллаа.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ