Сурагчдын үндэсний бичиг үсгийн хэрэглээ нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-14 14:52:44

Сүхбаатар аймгийн Д. Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр бүрэн дунд боловсролын 6В ангийн сурагчид монгол бичиг, үсгээ хэрхэн сурч мэдсэнээ үзүүлж, ангидаа уралдаант тэмцээн зохион байгуулсан байна. Сурагчдын таван таван сарын хугацаанд хийсэн бүтээлээс нь харахад үндэсний бичиг үсгийн хэрэглээ өндөр болжээ.

6В ангийн сурагчид 9 дүгээр сарын 1-нээс эхэлж Монгол бичгийн хичээл заалгажээ.   Өнгөрсөн таван сарын хугацаанд алдаагүй, цэвэр сайхан бичиж мөн уншиж сурчээ. Тэд ангидаа Хэн алдаагүй бичих вэ? буюу цэвэр бичиг, уран сайхан бичиг, хурдан уншлага гэсэн гурван төрлөөр өрсөлдсөн байна. Тэмцээнийхээ үеэр сурагчид үндэсний дээл хувцсаараа гоёсон нь тэмцээнийхээ утга агуулгыг улам дэлгэрүүлж байлаа.

Тус сургуулийн монгол хэл, бичгийн багш Д. Амаргараг хэлэхдээ “ Сурагчдынхаа монгол бичиг сурах идэвх чармайлтыг нэмэгдүүлэх, урам зориг өгөх нь энэ мэргэжлийг эзэмшсэн миний гол зорилго. Ер нь ангид ийм хэлбэрээр хичээлээ дүгнэвэл илүү үр дүнтэй болох нь харагдаж байгаа. Цаашид ийм төрлийн тэмцээн уралдааныг сургууль дээрээ тогтмол зохион байгуулна. Сурагчид маань ч их дуртай байгаа. Хэдхэн сарын дотор үндэсний бичиг үсгээ ийм түвшинд эзэмшиж чадсан шавь нараараа үнэхээр бахархаж байна... ” гэсэн юм.

Сурагчид монгол бичгээр минутанд дээд тал нь 130, доод тал нь 70 үгийг төвөггүйхэн уншдаг болжээ. Монгол бичиг үсгийг сурахад бие даан давтах нь маш чухал байдаг. Тиймээс  чөлөөт цагаараа тогтмол монгол бичгийн хичээлээ давтан, цээж бичиг хийж, монгол бичгээр бичигдсэн эхүүдийг анхааран уншдаг ажээ. Ингэж унших үед үгийг хэрхэн бичих дүрэм аяндаа цээжлэгддэг хэмээн сурагчид ярьж байна.

Т. Одончимэг

 

 

 

Холбоотой мэдээ