Түүх, археологийн шилдэг олдворууд олны хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-14 12:10:12

Монголын Үндэсний музейгээс 4 дэх жилдээ зохион байгуулж буй “Шинэ үзмэрийн дээжис-4” үзэсгэлэнгийн нээлт маргааш болно.

Үзэсгэлэнд 2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрийг дэглэн үзүүлэх юм. Мөн тус музейн судлаачдын явуулсан археологийн малтлагаар илрүүлсэн, хайгуулаар түүвэрлэсэн, бусад байгууллагаас шилжүүлсэн, ард иргэдээс бэлэглэсэн, худалдаж авсан олон тооны сонирхолтой үзмэрийг дэлгэнэ. Тэдгээрээс сонирхуулбал, Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, Монголын хамгийн өндөр хүн асан Д.Рагчаагийн хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрийг үнэ төлбөргүй дэлгэн үзүүлнэ.

Үзэсгэлэн энэ сарын 15-наас ирэх сарын 15-ныг хүртэл олны хүртээл болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ