Пхеньян пуужин туршсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-13 11:40:15

ВАШИНГТОН./TASS/. Умард Солонгос баллистик пуужин харван туршсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдаан зарлахыг АНУ, Япон болон Өмнөд Солонгос хүсчээ.

НҮБ дахь АНУ-ын Төлөөлөгчийн газрын албаны хүний хэлснээр, Аюулгүйн Зөвлөл өнөөдөр хуралдах аж.

Умард Солонгос ням гарагийн өглөөгүүр баруун нутгийн Умард Пёнган аймаг дахь агаарын цэргийн хүчний баазаасаа баллистик пуужин хөөргөн туршсан юм. Пуужин 500 орчим км зам туулаад Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна Япон тэнгист унасан гэж эх сурвалжууд мэдээллээ.

БНАСАУ-ын Засгийн газрын мэдэгдсэнээр, цөмийн цэнэгт хошуу тээх хүчин чадалтай пуужингийн туршилт амжилттай болжээ.

Баллистик пуужин харвасантай холбогдуулан тус улсын хамгийн ойрын хөршүүд болох Япон болон Өмнөд Солонгос эсэргүүцлээ илэрхийлээд “Пхеньяны энэ үйлдэл бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэрэг мөн” гэж мэдэгдлээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ