Финландаас албадан гаргахыг эсэргүүцсэн болон дэмжсэн жагсаал цуглаанууд болсоор байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-02-13 09:51:54

ХЕЛЬСИНКИ. /TASS/. Орогнол хүсэгчдийг Финландаас албадан гаргахыг эсэргүүцсэн болон дэмжсэн цуглаанууд Хельсинки хотод гуравдахь хоногтоо дараалан үргэлжилж байна.

Эсэргүүцсэн болон дэмжсэн цуглаанд оролцогчид хотын төв дэх парламентын ордон болон орчин үеийн урлагийн “Киасма” музей хоёрын дундах зайд майхан босгон байнгын ажиллагаатай “штабаа” ажиллуулж, шөнийн цагаар ч энд байрлаж байгаа аж.

Дүрвэгсдийг эх орон руу нь албадан буцаахыг эсэргүүцсэн цуглаанд голчлон Иракийн иргэд оролцож байна. Тэд “Хил хязгааргүй эрх”, “Иракийн засгийн газар иргэдээ тонон дээрэмдэж, алж устгаж байна”, “Бид хүмүүнлэг байхыг ч гуйж бас амгалан тайван амьдралыг эрж хайж явна, биднийг гэмт хэрэгтэн гэж бүү хандаач” гэж бичсэн лоозон, зурагт хуудас барин зогсчээ. Цуглаанд оролцогчид “Албадан гаргахаа зогсоо”, “Иракт амьдрахад аюултай!” гэж хашгирч байв.

Харин гудамжны нөгөө талд  “Хууль бус цагаачдыг яг одоо албадан гарга” хэмээн шаардаж буй Suomi Ensin /Финланд хамгаас түрүүнд/ хөдөлгөөний лагерь байрлажээ. Арга хэмжээг зохион байгуулагчдын хэлснээр, дүрвэгсдийн цуглаан хэдийчинээ удаан үргэлжилнэ, тэд төдий чинээ удаан хугацаагаар энд байрлах аж. 

Үүний өмнөхөн Финландын ГЯЯ мэдэгдэхдээ, орогнох эрх авч чадаагүй олон дүрвэгсэд хууль бусаар тус улсад үлдэж магадгүй гэж байсан билээ. 2015 онд Финландад ирсэн 30 гаруй мянган гадаадын иргэдийн 10 мянга орчимд нь Финландад амьдрах эрх олгосон бол үлдсэн иргэдийн нэг хэсэг нь Финландаас гарч, нөгөө хэсэг нь захиргааны шүүхэд давж заалджээ.

Урьдчилсан байдлаар, энэ 2017 оны хувьд, урьд нь гаргасан татгалзсан шийдвэрийг нотолсон хариуг орогнол хүссэн 1 мянга орчим хүнд сар бүр өгөх ба уг шийдвэрийг цаашид давж заалдах боломжгүй байдаг. Энэ нь хууль бус цагаачдын эсэргүүцлийн давалгааг үүсгэж магадгүй юм. Финланд улсад үлдэхийг хүссэн 12 мянга орчим гадаадын иргэд эрүүгийхэнтэй холбоотой байх магадлал байгаа аж. Хэдийгээр Иракийн эрх баригчид ийм алхмыг дэмжихгүй байгаа ч Финландын эрх баригчид өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн орогнол олгохоос татгалзсан хариу авсан иргэдийг Ирак руу албадан буцааж эхэлжээ.

2015 онд Финландад голчлон ирак гаралтай 32,5 мянга орчим дүрвэгсэд иржээ. 2014 онд орогнол хүсэгчдийн тоо 4 мянга орчим байсан бол өнгөрсөн онд 5,6 мянга болж өссөн байна. 2017 оны хувьд орогнол хүссэн 10 мянга орчим хүсэлт ирэх байх гэж эрх баригчид тооцоолж байгаа аж. Финландад орогнохыг хүсэгчид нь голдуу Ирак, Афганистан, Сомали зэрэг орны иргэд юм.

О.Барс

 

 

 

Холбоотой мэдээ