Стивен Кинг хүүтэйгээ хамтран туурвисан романаа танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-09 14:36:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. Дэлхий даяар алдаршсан зохиолч Стивен Кинг хүү Оуэны хамт бичсэн “Нойрсож буй гүнжүүд” номоо ирэх тавдугаар сарын сүүлчээр Нью-Йорк хотод болох “BookExpo” номын үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулах гэж байна.

Эл үзэсгэлэн худалдааны гүйцэтгэх захирал Брайан МакДональд хэлэхдээ “ийм уулзалтууд нь алдартай зохиолчидтой уулзаж, шинэ номын талаар яриа өрнүүлэх хүсэлтэй мянга мянган уншигчдыг цуглуулдаг" гэв.

Өдгөө 69 настай Стивен Кинг АНУ-ын Мэн муж улсын Портленд хотоос гаралтай бөгөөд 350 сая хувиар хэвлэгдсэн 50 гаруй романыг бичсэн хүн юм. 1970-аад оны дундуур түүний анхны роман болох "Кэрри" хэвлэгдэж, дараагаар нь түүнд нэр алдрыг авчирсан “Гялбаа” роман, дараа нь Ричард Бахман гэдэг нууц нэрээр бичсэн “Уур хилэн”, “Үхлийн аялал”, “Замын ажил” зэрэг романууд худалдаанд гарчээ. Стивен Кинг өөрийн хамгийн сүүлд бичсэн 373 хуудас бүхий “Hearts in Atlantis” номын нээлтээ Мэн муж улсын их сургуульд өнгөрсөн оны 11 дүгээр сард хийжээ. 

Түүний хүү Оуэн “Давхар адал явдал”, “Энд бүгд хамааралтай: өгүүллэгүүд” зэрэг номуудыг бичсэн бөгөөд “Нойрсож буй гүнжүүд” роман нь эцэгтэйгээ хамтран туурвисан анхны бүтээл нь аж.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ