“Бид бүтээгчид” цаасан урлалын уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-06 21:07:48

Монгол Улсын 2011, 2013 оны Орон нутгийн шилдэг хэвлэл “Хэнтийн мэдээ” сониноос санаачлан анх удаа “Бид бүтээгчид” цаасан урлалын анхдугаар уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулж дүгнэжээ.

Тус уралдаан нь хүүхэд залуусын бүтээлчээр сэтгэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, уншиж дууссан сонин хэвлэлийг дахин боловсруулж бүтээлчээр ашиглаж болохыг нийгэмд сурталчлах гол зорилготой байсан бөгөөд “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2026” бодлогын баримт бичигтэй уялдаж байгаагаараа онцлог байв.

Уралдаанд Хэнтий аймгийн төв, хөдөөгийн ЕБС-ийн 23 багийн 70 гаруй бүтээл, насанд хүрэгчдийн 10 багийн 20 гаруй бүтээл иржээ.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн болон олон улсын байгууллагын төлөөллүүд, ХХК-ийн захирлууд, ЕБС, цэцэрлэгийн эрхлэгч багш нар уригдан ирж оролцсон байна.

“Бид бүтээгчид” цаасан урлалын анхдугаар уралдаанд ирсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ, Хэнтийн мэдээ сонинг сурталчилсан байдал, Байгальд ээлтэй, эерэг хандлагыг олон нийтэд уриалсан байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ.

Уралдааны шилдгүүдээр ЕБС-ийн сурагчдын ангилалд:

1-р байр-Батширээт сумын ЕБС-ийн Ж.Дамба багшаар удирдуулсан Х.Буянзаяа ахлагчтай “Уран гар” багийн “Ирээдүй” бүтээл

2-р байр-МСҮТ-ийн Х.Түмэндэлгэр багштай Гар урлалын ангийн 1-р дамжааны “Эвсэг” багийн “Байгалиа хайрлая” бүтээл

3-р байр- Хан Хэнтий цогцолбор сургуулийн Д.Энхнаран багшаар удирдуулсан 11в ангийн “Хурд” багийн “Хос баатар” бүтээл

Насанд хүрэгчдийн ангилалд:

1-р байр-Хэрлэн 1 дүгээр цэцэрлэгийн багш А.Оргилмаа, Б.Даваацэцэг, А.Баярмаа нарын хамтарсан “Урлаачид” багийн Цом, Сарнай цэцэг, Ханын чимэглэл зургууд бүтээл

2-р байр-Хэнтий аймаг дахь ШГА-ны хорих 0419-р ангид хүмүүжигч О.Цогзолбоогийн “Монголдоо” бүтээл

3-р байр- Хэрлэн сумын “Болор урлан”-гийн бүтээлч Б.Болортуяагийн “Хос Сагс”, "Шуудангийн хайрцаг" бүтээл тус тус шалгарчээ.

Тус уралдааны ЕБС-ийн сурагчид болон насанд хүрэгчдийн ангиллын 1-р байрыг Хэнтий аймгийн ЗДТГ 400.000 төгрөгөөр, 2-р байрыг Хэнтий аймгийн ИТХ 300.000 төгрөгөөр, 3-р байрыг Хэнтий аймгийн БОАЖГ, “Мандал хангай наран” ХХК-иуд тус бүр 100.000 төгрөгөөр ивээн тэтгэсэн байна. Мөн Хэнтийн мэдээ сонины редакциас цом, 200-50.000 төгрөгийн эрхийн бичгээр урамшуулсан аж.

Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс оролцогчдын идэвх санаачлага, шилдэг санаа шийдлүүдийг дэмжиж,  “Хамгийн хамгийн” номинацийн эздийг мөн тодруулж, төрийн болон ОУБ, ХХК-иудаар ивээн тэтгүүлж шагнал олгожээ. Үүнд:

Хамгийн хамгийн... номинацийн эздээр Батноров сумын ЕБС-ийн дотуур байрны багш Г.Эрдэнэтуяагаар удирдуулсан “Андгай”, “Уран хатад” багийн “Хунтын нуур” цогц бүтээл,

“Хамгийн идэвх оролцоотой сургууль”-иар Х.Алтанцэцэг захиралтай Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургууль,

“Хамгийн идэвх оролцоотой хамт олон”-оор Баян-Овоо сумын ЕБС-ийн Технологийн багш Ш.Нарангэрэлээр удирдуулсан Ц.Хэрлэнцэцэг багштай 7а ангийн “Эвт” багийн бүтээл,

“Хамгийн өвөрмөц шийдэлтэй хэрэглээнд суурилсан бүтээл”-ээр МСҮТ-ийн багш нарын “Бүтээлч” баг,

“Хамгийн идэвх оролцоотой анги”-аар Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургуулийн Ц.Хуланхатан багштай 6д ангийнхан тус тус шалгарчээ.

Харин "Бид бүтээгчид" цаасан урлалын анхдугаар уралдааны "Хэнтийн мэдээ сонины нэрэмжит шагнал"-аар Батноров сумын ЕБС-ийн Технологийн багш Б.Долгоржаваар удирдуулсан “Ирээдүйн эзэд” багийн “Бидний мөрөөдлийн Чингис хот” бүтээл, Дадал суман дахь Хилийн цэргийн 0287 дугаар ангийн “Хилчин” багийн "Хилийн харуул" бүтээлүүд шалгарч, өргөмжлөл, Хэнтийн мэдээ сонины 150.000 төгрөгийн эрхийн бичгээр тус тус шагнагдсан байна.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ