Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх ард түмний санал асуулгаар шийдэх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-19 15:05:50

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон төсвийн тухай хуулиудыг хэлэлцжээ.

2016 оны сонгууль дөхөж байна. Энэхүү сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь улс төрийн намуудын өмнө тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэж, батлах хэрэгтэй хэмээн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.

Тэрбээр, Мөн УИХ-аас байгуулагдсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг олон сар ажилласан ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Түүнчлэн олон намын хамтарсан Ажлын хэсгээс боловсруулсан Сонгуулийн тухай  хуулийн төслийг тун удахгүй өргөн барина байх. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар сонгуультай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төслүүдийг өргөн барьсаны дараа нарийн хэлэлцэх болно.

2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг энэ долоо хоногт төсөвт оруулах санал, дүгнэлтээ боловсруулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо” гэв.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юу?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгт бид санал нэгдсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийдвэрлэх хэрэгтэй.

-Төсвийн тухай хуулийн хүрээнд ярьж байгаа 3000 хүнийг цомхотгох, бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг дэмжих үү?

-Манай бүлгээс байгуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Одоогоор төсвийн төслийн талаар олон нийт ямар байр суурьтай байгаа талаар судалгаа явуулж байна. Цаашдаа 2015 оны төсвийн тодотгол болон, 2016 оны төсвийн төслийн зүйл заалт бүрийг нарийн судлах болно.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ