Хар тамхины мафийн толгойлогчийг АНУ-д шилжүүлэн өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-06 12:00:51

МЕХИКО. /TASS/. Мексикийн шүүх Golfo /испани хэлнээс орчуулбал: Мексикийн булангийн картель/ хэмээх хар тамхины картелийн толгойлогчдын нэг болох Марио Тревиньог АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэр гаргалаа. 

Энэ тухай ням гарагт Noticias MVC радиостанц мэдээлэв. Мексикийн прокурорын газрын мэдээлснээр, Тревиньо нь 2012 онд хэдэн сарын хугацаанд томоохон гэмт бүлэглэлийн үйл ажиллагааг удирдаж байжээ.

Хар тамхины мафийн толгойлогчийг 2013 онд Мексикийн армийн албан хаагчид баривчилсан байна. Өмнө нь АНУ-ын эрх баригчид Тревиньог барьж өгсөн хүнд 5 сая ам.долларын шан өгнө гэж амлаж байжээ. Америкийн хуулиар Тревиньог кокаин, марихуаныг онц их хэмжээгээр хууль бусаар хил давуулан наймаалсан хэрэгт буруутгаж байгаа юм. Одоохондоо түүнийг АНУ-ын аль бүс нутгийн шүүхэд шилжүүлэх нь тодорхойгүй байна.

Энэ оны нэгдүгээр сард Дональд Трампыг Ерөнхийлөгчийн албан тушаалд орохоос нэг хоногийн өмнө Мексик улс “Синалоа” хар тамхины картелийн толгойлогч "атигар" хочит Хоакин Гусманыг АНУ-д шилжүүлэн өгч байсан билээ. Түүнд хар тамхийг онц их хэмжээгээр хууль бусаар наймаалах ажлыг зохион байгуулсан, гэмт хэргийн аргаар олсон олон тэрбум доллароо хууль ёсных болгосон, олон тооны аллага, хулгайн хэргийг захиалан хийлгэсэн гэсэн олон ялыг тулгахаар зэхэж байгаа аж. Одоогоор түүнийг Нью-Йоркийн нэг шоронгийн тусгай өрөөнд хорьж байгаа ажээ.

О. Барс

 

Холбоотой мэдээ