Гадаадаас хуучин завь импортлохыг хориглох хэрэгтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжив.
Усан замын тээврийн хэрэгслээр аялал жуулчлал хийх гадаад, дотоодын иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хирээр усанд хүний амь нас осолдох, бэртэж гэмтэх эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал, 2014 онд 84, 2015 онд 94 хүн, 2016 онд 91 хүн амь эрсэджээ. Энэ нь өнөөгийн усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, хяналт хийх мэргэжилтэн, техникийн болон хөрөнгийн нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой юм. Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байцаагч хяналт тавьдаг. Гэвч МХЕГ-т нэг л байцаагч бий. Иймд усан замын тээврийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх хүн хүчний тоог нэмэгдүүлэх, гол, мөрөн, нуурын эрэгт усан замын эргийн хамгаалалтын нэгж байгуулах, орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхээр хуулийн төслийг шинэчилэн найруулсан хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.
Усан замын тээвэр эрхлэх зөвшөөрлийг хэрхэн олгох талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд тодруулав. Ашиг олох зорилгоор тээвэрлэлт хийж байгаа иргэн, аж ахуйн нэгжзаавал тусгай зөвшөөрөл авах ёстой гэдгийг Ажлын хэсгээс хэлээд, “Хуулийн дагаж мөрдөх журмын хүрээнд ЗТХЯ-наас тусгай зөвшөөрөл олгох, цуцлах болон бусад хариуцлагын асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, “Гол нууранд өөр газраас завь авч ирж тавьснаас үүдэн бохирдох аюул бий. Тиймээс гаднаас хуучин завь импортлохыг хориглох асуудлыг бүрэн тусгах хэрэгтэй” гэсэн санал хэлэв. Мөн Усан тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг нарийн тусгах хэрэгтэй гэдгийг Л.Мөнхбаатар гишүүн хэлээд, “Гол нууруудад боомт байгуулах, завиудыг холбооны хэрэгсэл зэргээр хангах хэрэгтэй” гэв.
Мөн Д.Лүндээжанцан гишүүн, “Усан замтай холбоотой 20 гаруй хууль, тогтоол, дүрэм, журам бий. Тэгэхээр бид Байгаль нуур руу цутгадаг голуудынхаа эргийг ухаж, тэлэх боломжийг судлах хэрэгтэй. Ингэж чадвал төмөр замаас их орлого олох боломж бүрдэх байх” гэсэн санал хэлэв.
Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 66 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
Ч.Ариунболд