Н.Хейли: Крымыг Украинд буцааж өгөх хүртэл Оросын эсрэг хориг хэвээр үйлчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-03 09:50:33

НҮБ./TASS/. Крым Украин улсын бүрэлдэхүүнд эргэн орохоос нааш Оросын эсрэг хоригийг хэвээр байлгах ёстой. Энэ үгийг саяхан шинээр томилогдсон НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн хурал дээр анх удаа үг хэлэхдээ мэдэгдлээ.

“Крым бол Украины нэг хэсэг, Крымтэй холбоотойгоор бидний авсан хориг арга хэмжээ нь ОХУ-ын Крымийн хойгийг Украинд буцааж өгөх хүртэл хүчинтэй хэвээр байх болно" гэж тэрбээр хэлсэн байна.

"Бид Оростой харилцаагаа сайжруулахыг хүсч байгаа” хэмээн Хейли ярьж байгаа хэдий ч ямар ч нотолгоогүйгээр “эзлэн түрэмгийлсэн”, “булаан эзэлсэн”, “цэргийн хүчээр халдан довтолсон” гэж Москваг буруутгалаа. Түүний бодлоор "Украинд үүссэн нөхцөл байдал нь Оросын үйлдлийг буруутган шүүмжлэхээс аргагүйд хүргэж байгаа” аж.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Украинд хүчирхийлэл даамжирч буйг зогсоох ёстой, Украины ард түмэн болон Минскийн тохиролцоог Вашингтон дэмжиж байгаа" гэдгийг мэдэгдэв.

Хейлигийн үзэж байгаагаар, Орос улс болон “салан тусгаарлагчид” гэгдэж буй Донбассын бүгд найрамдах улсууд Украин улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэхээс нааш энэ улсад хямрал үргэлжилсээр байх ажээ 

О.Барс

                                                                                                               

 



 

Холбоотой мэдээ