Улсын онцгой комиссоос малчдад дэмжлэг үзүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-01 18:02:38

Архангай аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хандаж өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дагуу 11 суманд нийт 220 тн өвсийг үнэгүйгээр, 110 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.

Архангай аймгийн 19 сумын 101 багийн 17.000 малчин, мал бүхий өрхөд 5 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд Эрдэнэмандал, Жаргалант, Хашаат, Өгийнуур, Төвшрүүлэх сумд зудын байдалтай, Батцэнгэл, Өлзийт, Цэцэрлэг, Тариат, Хангай, Хотонт зэрэг сум зудархуу нөхцөл байдалтай байгаа юм.  

Аймгийн хэмжээнд малчид 85.0 мянган тн байгалийн хадлан, 1300 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөснөөс 82.9 мянган тн өвс бэлтгэсэнээс 60-аад хувийг хэрэглэсэн байна.

Аймгийн нөөцийн өвс, тэжээлийг өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан нэг боодлыг нь 6000 төгрөг, нэг уут хивгийг 11000 төгрөгөөр худалдан борлуулахаар аймгийн онцгой комиссоос шийдвэрлэлээ.

Зудын байдалтай сумдын цасны зузаан дунджаар тэгш тал газраа 10-13 см, гуу жалгандаа 15-20 см, зудархуу сумдад тэгш тал газраа 15-20 см, гуу жалгандаа 20-25 см байна.

Б.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ