Бэлчээр хүрэлцэхгүй байгаагаас малчид хилийн бүсэд олноороо суурьших хандлагатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-31 14:27:41

Хил хамгаалалтад туслах хүчнийхэн саяхан Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо зөвлөлдөж, өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэж, энэ онд хийх ажлаа төлөвлөв.

Дорнод аймгийн хувьд БНХАУ, ОХУ-тай хил залгаа оршдог онцлогтой. Тиймээс Хилийн цэргийн анги салбаруудтай харилцаа холбоо сайтай хамтран ажилладаг. Жил бүрийн зөвлөлгөөнд хилийн сумдын Засаг дарга нар, хилийн отрядын захирагчид, аймгийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцож санал бодлоо солилцсоноор үр дүнтэй болдог тухай зөвлөлгөөнд оролцогчид онцолж байлаа.

“Сүүлийн жилүүдэд орон нутагт малын бэлчээр хүрэлцэхгүй байгаагаас хилийн бүсэд иргэд, малчид олноороо суурьшиж хүн, малын хөдөлгөөн ихсэх хандлагатай байна. Үүнийг дагаад малын хулгай, хилийн зөрчил тэр бүү хэл хил дамнасан хулгай гарах болсныг энэ удаагийн зөвлөлгөөнөөр нэлээд нухацтай хэлэлцлээ” гэж Хилийн 0275-р ангийн захирагч Б.Батмөнх ярьсан.

Энэ цаг үед хил хамгаалалтад туслах хүчин, тэр дундаа иргэд, малчдын оролцоог өндөржүүлэх бодлого барьж, үйл ажиллагааныхаа чиглэлийг ийн тодорхойллоо.

                                                                                                                                             Б.Туяа

 

Холбоотой мэдээ