Хонины цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-30 22:07:49

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хонин сүрэгт тарих ажил энэ сарын эхээр Дундговь аймагт эхэлсэн. Нийт 1 сая 48 мянган тун вакцин татан авчирсан бөгөөд өнөөдрийн байдлаар вакцинжуулалт 90 гаруй хувьтай байна.

Дундговь аймаг 1 сая 400 гаруй мянган толгой хоньтой. Одоогоор Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Сайнцагаан, Дэрэн сумаас бусад сумын хонин сүрэгт вакцин тарьж байгаа юм. Дээрхи 5 сумын хонин сүрэгт вакцинжуулалтыг ирэх дөрөвдүгээр сард үргэлжлүүлэн хийнэ гэж Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Ц. Гэрэл хэлсэн юм.

Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хонин сүргийг ийнхүү бүрэн хамруулж цэцэг өвчний эсрэг дархлаа тогтоож байгаа боловч ирэх зун хамгийн гол хийх ажил бол малыг угаалгад бүрэн хамруулж, хороо бууцанд ариутгал халдваргүйтгэл хийх зайлшгүй шаардлагатай болж байгаа гэлээ. Учир нь цэцэг өвчний үүсгэгч вирус малын үс ноос, гадаад орчинд удаан хугацаагаар хадгалагддаг ажээ.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ