Нисэх буудлынхан өрх толгойлсон бүсгүйд туслажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-30 21:40:08

Зургаан хүүхэдтэй, өрх толгойлон аж төрдөг бүсгүй Ч. Оюунжаргалд өвлийн хүйтэн,хаврын хавсаргыг ажралгүй давах хэмжээний нүүрс, түлээний мод өгч сайн үйл бүтээсэн хамт олон бол “Мандалговь” нисэх буудлынхан юм. Тэд бас Сайнцагаан сумын Наран багийн малчин Д. Долгорсүрэнгийнд малын өвс тэжээлээр туслажээ.

“Хэрэгцээтэй цаг үед нүдийг нь олсон тус хүргэхэд хүн ямар их баярлах билээ. Ялангуяа одоо бид хүн хүнийхээ нөмөр нөөлөг, дэм тусанд явах тийм нийгэмд амьдарч байгаа шүү дээ” гэж нисэх буудлын дарга Ж. Мөнхтөр ярьсан юм.

“Мандалговь” нисэх буудал арван ажилтантай. Олон улсын болон орон нутгийн агаарын хөлгүүдэд холбоо навигац, мэдээлэл хангалтын үйлчилгээ үзүүлэн, нислэгийн үеийн аюулгүй байдлыг ханган ажилладаг.

Нисэх буудлын хамт олон 300 гаруй мянган төгрөгийн хандивыг өөрсдийн цалингаас хуримтлуулж, дээрхи хоёр эмэгтэйд тусласан байна. Сайн үйлсээ дараагийн удаад ч үргэлжлүүлнэ гэлээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ