Геббельсийн туслахаар ажиллаж байсан эмэгтэй нас баржээ

Дэлхийд | Нийгэм
adiyakhuu@montsame.mn
2017-01-30 13:16:17

МОСКВА./TASS/. Нацист Германы үзэл суртал эрхэлсэн сайд асан Йозеф Геббельсийн туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Брунгильда Помзель гэдэг эмэгтэй 106 насандаа Мюнхен хотод нас баржээ. Энэ тухай Германы Дойче Велле агентлаг мэдээллээ.

Брунгильда нас барсан болохыг найруулагч, продюсер Кристиан Крёнес нотолсон байна. Тэрбээр Брунгильдагийн тухай “Немц хүний амьдрал” гэдэг баримтат кино бүтээсэн юм. Найруулагчийн ярьснаар, Брунгильда гэртээ унтаж байгаад нас баржээ.  

Энэ эмэгтэй бол фашист Германы удирдагчдыг биечлэн мэддэг байсан хамгийн сүүлчийн хүмүүсийн нэг юм. Тэрбээр Дойче Велле-д ярилцлага өгөхдөө “Геббельсийн хийж байсан зүйлийг би хэзээ ч уучлахгүй” гэж байжээ. Геббельсийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа бөөнөөр хорих лагериуд, еврейчүүдийг хоморголон устгаж байсан зэрэг аймшигт явдлуудын талаар огт мэддэггүй байсан гэдгээ Брунгильда хэлж байсан юм.

Тэрбээр Геббельсийн дэргэд гурван жилийн хугацаанд ажиллажээ. Геббельс болон түүний эхнэр Магда нар зургаан хүүхдээ хордуулж алаад 1945 оны 5 дугаар 1-нд амиа хорлосон байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ