Бөөнөөрөө оффисын танхимд ажиллах нь бүтээмжийг бууруулдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2017-01-27 14:44:32

ЛОНДОН./BBC/. Олноороо хамтдаа сууж ажиллах зориулалттай нийтийн задгай оффисын байр нь чимээ шуугиан ихтэй, вирусын халдвар тараах магадлалтайгаас гадна хүний сэтгэн бодох үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Ийм учраас зарим компаниуд ажилтнуудаа тус тусдаа өрөөнд ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Дөрвөн жилийн өмнө Крис Нагеле-гийн компани технологийн компаниудын захирлуудыг дууриан ажилтнуудаа бөөнөөрөө нэг дор суудаг задгай оффист оруулсан аж. Тэрбээр хамт олныхоо дунд эвсэг найртай уур амьсгалыг бий болгохыг зорьсон нь энэ юм.

Гэтэл түүний бодсон нь ташаа байжээ. Учир нь, ажилтнууд ньажлаасаа байнга хөндийрөн сатаарч, тэдний хөдөлмөрийн бүтээмж унаж эхлэв. Иймээс Нагеле ажилтнуудаа тус тусдаа өрөө бүхий 900 кв.м талбайтай оффист нүүлгэн оруулав.  

Задгай оффист ажиллах нь анхаарлаа төвлөрүүлэхэд саад болохоос гадна өвчлөх магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг байна. Түүнээс гадна, хөдөлмөрийн бүтээмж 15 хувиар буурдаг гэх мэт сөрөг талууд байдгийг судалгаа харуулжээ. Гэсэн хэдий ч ойрын үед нийтийн оффисоос татгалзах хандлага ажиглагдахгүй байна. Харин зарим компани Нагеле-гаас үлгэр дууриал аван тусдаа өрөөнд ажилтнуудаа оруулж байна.

Дөрвөн хана, хаалгаар тусгаарлагдсан ажлын өрөөний хамгийн том давуу тал нь хүмүүс анхаарлаа төвлөрүүлэх боломжтой байдагт оршино. Нэг газраа байнга сууж ажилласнаар илүү их мэдээллийг ой санамжиндаа хадгалах боломжтой гэдгийг Лагрейнж-Парк хотын /АНУ, Иллинойс муж улс/ сэтгэл зүйч Салли Огастин тогтоосон байна.

Үүний эсрэгээр задгай оффис нь хүмүүсийн ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг байна. Ялангуяа нийтийн оффист “сул сандал ширээ” гэсэн ойлголт бий болж, хэн дуртай нь сул чөлөөтэй байгаа ширээн дээр сууж ажлаа хийж байгаа нь ой тогтоолтод бүр ч муугаар нөлөөлдөг аж.

Австралийн Сиднейн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд дурдсанаар, ямар ч хаалт хашлагагүй задгай оффист ажилладаг хүмүүсийн 50 хувь нь, харин ийм офист тусгаарлагч бүхий ширээнд сууж ажлаа хийдэг хүмүүсийн 60 хувь нь “дуу чимээ ихтэй ийм орчин ажиллахад саад болдог” гэдгийг онцолжээ. 

Харин тус тусдаа өрөөнд ажилладаг хүмүүсийн 16 хувь ийм хариулт өгсөн байна. Ер нь бол, тусгаарлагдсан ажлын өрөө нь задгай оффистой харьцуулахад тасалгааны температур, агаарын чанар, шуугиан чимээ гэсэн 14 үзүүлэлтээр илт давуу байжээ.

Задгай оффисын давуу тал нь хямд төсрөөс гадна хүмүүс хоорондоо хамтран ажиллах боломжийг олгож байдаг гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ бол, бөөнөөрөө цуглаад элдвийг ярилцаж байх үед гэв гэнэт шинэлэг сайхан санаа төрнө гэдэг бол тун ховор тохиолдол гэнэ.

Задгай оффист бөөнөөрөө цуглаад ярилцаж байгаа хүмүүсийн хувьд, гэр бүлийнхэндээ Зул сарын баяраар юу бэлэглэх гэж байгаа, эхнэр нөхрийн асуудал гэх мэтчилэн сэдвийн хүрээнд л эргэлддэг аж. Иймэрхүү жижиг сажиг зүйлсийг ярьснаар дор хаяж 20 минутын хугацаанд анхаарал сарнидаг байна.

“Мэдээж хэрэг ажилтнууд хоорондоо танилцаж, хамтач уур амьсгалыг бий болгох нь чухал. Гэхдээ тусдаа өрөөнд ажилладаг байлаа ч гэсэн бие биенийгээ таньж мэдэх олон боломж бий” гэж сэтгэл зүйч Салли Огастин үзэж байна. Жишээ нь, дээр дурдсан Нагеле-гийн компанийн ажилтнууд өдөр бүр хамтдаа үдийн хоолоо иддэг гэх мэт. Ер нь бол, ширээний ард суугаад элдвийг ярьж хөөрөх явцад шинэ санаа бараг төрдөггүй, харин бүх ажилтнууд хамтаараа сууж, тухайлсан нэг сэдвийг дагнан хэлэлцэх үед толгой тархинд шинэ сэргэг санаа орж ирдэг болой.

Гэтэл хамт олноосоо тусдаа өрөөнд ажиллах нь бусдынхаа үүрч буй ажлын ачааллаас зохих ёсоор хуваалцан үүрч чадахгүй байгаа мэт сэтгэгдлийг зарим хүмүүст төрүүлдэг байна. Түүнээс гадна, нэгэн хэвийн уйтгартай ажил хийдэг эсвэл дөнгөж саяхан ажилд орсон хүмүүсийн хувьд оффисын том зааланд суух нь тун таалагддаг гэнэ. Учир нь, тэд мэргэжил нэгт нөхдөөсөө богино хугацаанд их зүйлийг сурч авах боломжтой. Тэдний зарим нь “чимээгүй өрөө”-нд ажиллах нь тухайн хүний сул талын илрэл" гэж үздэг гэнэ.

Ихэнх компанийн хувьд оффисын заалнаас бүрэн татгалзаж чадахгүй байгаа учраас сэтгүүлч, программ зохиогч, зар сурталчилгааны менежер, санхүүгийн мэргэжилтнүүд зэрэг ажилтнуудаа “дуу чимээгүй өрөө”-нд ажиллуулж байгаа аж.

Нэгэн сонирхолтой жишээ дурдахад, барилгын зургийн NBBJ компанийн оффист дуу чимээ, агаарын хэм, хүмүүсийн бөөгнөрлийг бүртгэдэг мэдрэгчүүдийг 3 м тутамд суулгаж, ухаалаг гар утсанд холбожээ. Ингэснээр ажилтнууд оффис доторх хамгийн дуу чимээ багатай газрыг олоод ажлаа хийх аж.

Б.Адъяахүү 

 

 

Холбоотой мэдээ