Дөрвөн зүйл амьтны агнуурын нөөцийн судалгаа хийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-26 17:28:09

Увс аймгийн есөн сумын 11 агнуурын бүс нутагт янгир ямаа, бор гөрөөс, зэрлэг гахай, монгол тарвага гэх мэт дөрвөн зүйл амьтны агнуурын нөөцийн судалгааг өнгөрсөн намар хийлгэжээ.

Аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас заралсан тендэрт “Эко үйлчилгээ” хэмээх мэргэжлийн байгууллага шалгарч судалгаа хийсэн байна.

Тус компани нь Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Хяргас, Малчин, Тариалан, Ховд, Бөхмөрөн, Сагил сумдад ажиллаж, агнуурын нөөц, төрөл зүйл, тоо толгой, сүргийн бүтэц, өөрчлөлтийг судлан тогтоосны үндсэн дээр агнуурын бүс нутгийн хилийн зааг, хэмжээг нарийвчилан тогтоож, баталгаажуулан, янгир ямаа, зэрлэг гахай, тарвага, бор гөрөөсний агнуурын нөөцийг зүйл бүрээр тогтоох хээрийн судалгааг хийж дуусгасан байна.

Энэхүү мэдээлэлд түшиглэн аймгийн Байгаль орчны газраас агнуурын бүс нутгийн амьтныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж, саналаа БОАЖ-ын яаманд хүргүүлжээ. Ингэснээр энэ онд агнагдах янгир ямаа, зэрлэг гахай, тарвага, бор гөрөөсний тоо батлагдаж ирэх аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ