Уул уурхайн шийдвэр гаргалтанд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2017-01-25 11:52:31

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Увс аймгийн Бөхмөрөн суманд "Уул уурхайн шийдвэр гаргалтанд ард иргэдийн оролцоо" төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Энэ хүрээнд төслийн багийн гишүүд Увс аймагт хүрэлцэн ирж Байгаль орчны байгууллагуудын төлөөллүүдийг хамруулсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтанд төслийн багийн таван зөвлөх болон төсөл хариуцсан мэргэжилтэн С.Мөнгөнчимэг, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, БОАЖГ-ын дарга, мэргэжилтнүүд, МХГ-ын байцаагчид, ТХГН-ийн мэргэжилтнүүд, Сав газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож, уул уурхайн ашиглалт, олборлолтод ард иргэд хэрхэн оролцож, ямар хяналт тавьж боломж байгаа талаар хөндөж ярилцлаа.

Уг төсөл нь Бөхмөрөн суманд хоёр жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд хамгийн гол нь ард иргэдийг уул уурхайн чиглэлээр мэдлэг мэдээлэлтэй болгох, сумын төр захиргааны байгууллагыг бодлогоор хангаж ажиллах тал дээр илүүтэй анхаарах аж. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн худалдан авалт, хөрөнгө оруулалт хийгдэхгүй, харин малчид, иргэдийг сургаж чадавхжуулах, уул уурхайн чиглэлийн хууль эрхзүйн мэдлэг мэдээлэлтэй болгох, байгалиа хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах тал дээр нь туслахад төслийн гол зорилго оршиж байна. Төслийн багийн гишүүд ирэх сарын эхээр дахин ирж Бөхмөрөн суманд 10 гаруй хоног ажиллан судалгаа хийх юм байна.

Увс аймгийн Бөхмөрөн сум нь байгалийн баялаг ихтэйн дээр ховор, нэн ховор ан амьтад элбэгтэй, онгон дагшин нутаг юм. Одоогоор “Хотгор”, “Хотгор шанага”, “Эрчим” гэсэн гурван том нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь Увс аймгийн аргалийн сүргийн гол бүс нутаг  юм.

Б.Батхүү

Холбоотой мэдээ