Аймгийн Засаг дарга хангайн сумдад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-24 15:56:53

Увс аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумдад ажиллаад иржээ.

Ажлын хэсгийн гишүүд хангайн сумдын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа сумдад улсын нөөцөөс ирж буй өвс тэжээлийн хуваарилалтын талаар болон аймгийн Засаг даргын захирамж, онцгой комиссын тогтоол, шийдвэрүүдийг танилцуулсан байна.  
Цагаанхайрхан суманд 283 малчин өрхийн 152.1 мянган мал өвөлжиж байгаа аж. Сумын нөөцөд 30 тн өвс, 6 тн тариа, 4 тн хивэг байгаа бөгөөд үүнийгээ малчдад олгож эхэлсэн байна. Эрүүл мэндийн төвд хандах хүүхдийн томуу, томуу төст өвчин он гарсаар нэмэгдэж байгаа аж. Жил эцсийн мал тооллогын үеэр эмч нар малчин өрхүүдээр тойрч үзлэг хийсэн байна. Тус суманд одоогоор эмийн хүрээлцээ сайн байгаа бөгөөд сумын төвд 16, Даланхуруу, Хулж, Хунт багуудад 10 жирэмсэн эх байгаа аж. Мөндөөхөөн давааны зам хаагдсаныг тухай бүрт нь гаргаж иржээ. Тус суманд цаашдаа өвөлжилт хүндэрч болзошгүй тул аймгийн нөөцөөс 30 тн өвсийг үнэгүй, 20 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон байна.
Харин Өндөрхангай сумын хувьд нутгийн хойд хэсэг, баруун, зүүн хяраар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа ба бусад газраар харьцангуй сайн байгаа аж. Баг болон сум хоорондын оторт зургаан айл өвөлжиж байгаагаас 1000 гаруй толгой малтай дөрвөн өрх Завхан аймгийн Сантмаргац, Ургамал сумдын нутагт байна. Ан амьтдын өвс тэжээлийн хомсдлоос урдчилан сэргийлж өнгөрсөн намар 20 тн өвс, зургаан тн давс, хужир бэлтгэн 25 цэгт байршуулсан бөгөөд байгаль хамгаалагчдын мэдээллээр ан амьтны байршил солигдоогүй, хорогдол гараагүй, хэвийн байгаа аж.
Зүүнхангай суманд 621 өрхийн 356 малчин өрх байна. Жил эцсийн мал тооллогоор тус сум 147.9 мянган толгой мал тоолуулжээ. Одоогоор 29 малчин өрх баг болон сум хооронд отроор өвөлжиж байна. Цаашид нутгийн хойд хэсгээр буюу Баянгол, Даланбулаг багийн зарим газруудаар өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж.

Эдгээр сумдад үнэгүй тараагдах өвс, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгогдох тэжээл хуваарилсныг ажлын хэсгийн гишүүд сумдын удардлагуудад танилцуулсан байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ