Залуучууд зорилтот бүлгийн өрхүүдэд нүүрс тараажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-23 17:13:40

Сүхбаатар аймагт хэсэг залуус нэгдэн “Чин сэтгэлийн элч” ТББ байгуулжээ. Тус ТББ нь хүний хөгжлийг дээдэлсэн нийгмийн сайн сайхны төлөө залуучуудын манлайлд суурилсан бүтээлч үйл ажиллагааг нийгэмд хүргэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулах юм байна. Одоогоор 60 орчим гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.  Тус хамт олны хамгийн анхны ажил нь зорилтод бүлгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эхчүүдэд нүүрс тараах ажил байлаа.

Нийт 50 тонн нүүрсийг 120 гаруй өрхөд  өөрсдийн гараар хүргэж өгсөн байна. Нэг өрхөд  5-10 шуудай нүүрсийг ямар ч үнэ төлбөргүйгээр олгожээ. Энэ нь тухайн айл өрхүүдийн хэдэн өдрийн түлээ бөгөөд иргэдийн зүгээс маш баяртайгаар хүлээн авч, тус залуучуудад талархал илэрхийлэн, илүү их амжилтыг хүссэн байна.  

“Манай ТББ-ын тухайд дандаа залуучууд байгаа. Бид эхний ээлжинд гишүүдээ, өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр голлон анхаарч ажиллана. Гадаад хэл, Монгол бичгийг  мэргэжлийн багш нараар заалгах, урлаг спортын төрлөөр хамтдаа хичээллэнэ. Зарим нэг  гишүүнээ боловсролтой болгох тал дээр хүртэл анхаарч, сургах асуудал хүртэл яригдаж байна. Ингээд эхлээд өөрсдөө бэлэн болсоны дараа гишүүнчлэлээ өргөтгөж, дараа дараагийн гишүүдээ бэлтгэх юм. Гэхдээ энэ хоорондоо мэдээж хүмүүнлэгийн ажлаа таслалгүй хийсээр байх болно...” хэмээн “Чин сэтгэлийн элч” ТББ-ын тэргүүн Д. Амаргариг ярьж байна.

Цаашлаад тус ТББ-аас гишүүдээ идэвхжүүлэх, хөгжүүлэх олон талын үйл ажиллагаа явуулах бөгөөд төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах зэргээр үйл ажиллагаага тогтмолжуулах юм байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ