Түймрийн улмаас бэлчээр хомсджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-23 12:51:33

Дорнод аймгийн Баянтүмэн суманд өнгөрсөн онд 14 удаагийн түймэр гарч, бэлчээр нутаг шатаж 160 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ.

Энэ нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлж байгаа тухай сумын Засаг дарга П.Гунгаацэрэн ярьж байлаа. Сүүлийн үед тус суманд хил залгаа сумаас түймэр орж ирэх, аянга цахилгааны улмаас гал гарах, тэр ч бүү хэл эрэвгэр жирэвгэрийн үндэс түүгчид гал алдах зэргээр тоо нь ихэсч, түймрийн эрсдэл өндөртэй сумд тооцогдох болжээ.

Сумын удирдлагуудын хувьд хил залгаа сумдын заагт зогоон татах, хадлангийн талбайгаа хашиж хамгаалах гэхчлэн өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийж байгаа ч сумдад байгаа гал унтраах мэргэжлийн ангийг чадавхижуулахаас эхлээд төрийн зүгээс хийх ажил байгааг ч онцолж байсан.

Дорнод аймгийн тухайд “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр баримтлах бодлого”-ыг боловсруулан ажиллаж байна. Ингэснээр 2016 онд гарсан ой, хээрийн түймэр өмнөх оноос 32 түймрээр бага, түймрээс учирсан хохирлын хэмжээ 90,8 хувиар багассан дүн гарчээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ