Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-10-17 13:53:13

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 5 дугаар  форум өчигдөр ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Баян хотноо эхэллээ.

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Цүй Юй-ин, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Улаан, Монгол Улсын Сэтгүүлчдийн эвлэлийн дарга Б.Галаарид нарын албаны хүмүүс, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй төлөөлөгч уг форумд оролцож байна. "Харилцан ойлголцож хамтран ажиллаж хөгжлийн ирээдүйд хөрөнгө оруулъя" уриан дор болж буй энэхүү арга хэмжээг даргалж байгаа Юй-ин нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, “Хятад, Монгол хоёр орны харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн цаг үедээ байна. Өнгөрсөн жил хоёр орны төрийн тэргүүн Улаанбаатарт уулзаж стратегийн бүх талын түншлэлийн харилцааг батламжлан, үүрд харилцан туслалцсан сайн хөрш, ашигтай хамтын ажиллагааны эрхэм түнш, байнгын харилцаатай анд нөхөд байхаар шийдсэн юм. Хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ард түмэн хоорондын харилцан ойлголцол, туслалцаа дэмжлэгийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан Хятад, Монгол хоёр орны ард түмний сэтгэлийн холбоонд зам гүүр, үлгэр жишээ болж, харилцан ойлголцох, хамтран ажиллах ирээдүйн хөгжилд эерэг урам хайрлаасай хэмээн хүсч байна” гэлээ. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум 2010 онд анх болсноос хойш тав дахь удаагаа болж байгаа бөгөөд хоёр орны найрамдал, ард түмний харилцан ойлголцлын чухал гүүр болсон арга хэмжээ билээ.

Б.Занданхүү

 

Холбоотой мэдээ