Завханы зарим сумдад мал усгүйдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-20 00:40:01

Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн хурлаар аймгийн Онцгой комиссыг шинэчлэн байгуулсан Засаг даргын захирамж, комиссын ажиллах журмыг танилцуулж, 2016 онд аймгийн Онцгой комиссоос хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцлээ. Мөн аймгийн УЦУОШГазрын дарга Э.Мөнгөнцэцэг цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ жил  хүйтний улирал эхэлснээс хойш говь талын нутгаар 2-8 мм цас орж, агаарын температур олон жилийн дунджаас дулаан байсан бөгөөд  Дөрвөлжин суманд  хамгийн бага буюу хоёр удаа цас орсон байна. Цасны хэмжээ зүүн сумдаар их, талдаа 10-20 см, ууландаа 21-30 см, гуу жалгандаа 31-50 см байна. 2016 оны 10 дугаар сарын 16-аас эхлэн цас орж, 11 сард агаарын температур дулаарч нойтон цас орсон нь цасны дунд хэсэгт болон газрын хөрсөн дээр мөсжилт үүсэх шалтгаан болж зүүн бүсийн сумдад өвөлжилт хүндэрчээ. Түүнчлэн Тосонцэнгэл сумын Оргих багт бэлчээрийн даац хэтэрсэн гэдгийг онцлов. Харин говийн таван сумын нутгаар цасан бүрхүүл харилцан адилгүй, усан хангамж дутагдалтай,  төвийн болон өмнө хэсгээр цас бага орсноос ус дутагдалтай байна. Малчид малаа хоёроос тав хоног өнжиж худагт усалж байгаа бөгөөд нийт малын 40 орчим хувь нь цасаар бусад мал нь худгаас усалж байна. Энэ сард аймгийн хэмжээнд хур тунадас орох магадлал маш муу байгааг хэллээ.

Малчдад өвс тэжээлийг 50 хувь хямдруулан олгож байна

Онцгой комиссын хурал дээр аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ө.Болд өвөлжилтийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.   

Өнөөдрийн байдлаар Завханы 9 сумын 23 багт өвөлжилт хүндэрч цагаан зудын болон цагаанаар зудархуу байна. Мөн бэлчээрийн даац хэтэрсэн, малын хорогдол эхэлсэн байна. Сумаас багт хүрэх зарим зам даваа хаагдсан байна. Архангай аймагт цэцэг өвчин, Говь-Алтай, Ховд аймагт мялзан өвчин гарсан бөгөөд Архангай аймагт Их-Уул, Тосонцэнгэл сумаас отор гарсан учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай байгаа гэв. Харин аймгийн Засаг дарга Д.Батсайхан: “-Аймгийн онцгой комиссоос 11 дүгээр сард ажлын хэсэг томилон хойд сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан. Дөрвөн сумын зургаан багийн зам даваа хаагдсаныг онгойлгох, сэлбэг хэрэгсэл болон хувийн трактортай хүнтэй гэрээ хийж талпуу татсан зэрэг 30-аад сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ.  Өнгөрсөн 11 дүгээр сард Сонгино сумд аймгийн Онцгой комисс хуралдаж Тэс сумын Гал түймэр унтраах аврах 57 дугаар ангид трактор, Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтэс болон Улиастай, Их-Уул, Тэс  суманд түргэн тусламжийн дөрвөн автомашины асуудлыг шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн газрын шугамаар зургаан автомашин, мөн аймгийн Онцгой комисст 100,000,000 төгрөгийн эх үүсвэрийн асуудал шийдвэрлүүлсэн. Аймагт 220 тонн өвсийг үнэгүй, 220 тонн тэжээлийг 50 хувь хямдруулсан бөгөөд энэ өвсийг 11 суманд хүргэх зардал болох 10,4 сая төгрөгийг шийдэж олгоод байна” гэлээ.

Малын өвчин гарсантай холбогдуулан урьдчлан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар таван асуудлыг шийдвэрлэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. 

Тухайлбал хил залгаа Архангай аймагт Цэцэг, Ховд, Говь-Алтай аймгуудад мялзан, цэцэг өвчин гарсантай холбогдуулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан төлөвлөгөө гарган ажиллахыг аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонгод үүрэг болгов. Мөн Монгол улсын Шадар сайдын 01 дүгээр тушаалаар өгсөн үүргийн дагуу МУЗГ, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас ирүүлсэн тусламж дэмжлэгийг хүлээн авч хуваарилах, зарцуулах хяналт тавих, өвс тэжээлийн хуваарь гарган батлуулж олгох ажлын хэсэг байгуулахыг аймгийн Засаг даргын Орлогч Ч.Пунцагт.  Завханмандал, Ургамал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдад одоо ажиллаж байгаа худгуудын хариуцсан эздийг тодруулж, шинээр олгох худгийн мотор, насоссыг хуваарилан эзэнжүүлэх ажлыг зохион байгуулахыг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга  Ж.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болголоо.

Дашрамд аймгийн Онцгой комиссын 2017 онд шинэ бүрэлдэхүүнээр ажиллах ажлын төлөвлөгөөг энэ үеэр батлуулжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ