О.Оюунтунгалаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанаас 11 жилийн дараа дахин шагнал хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-20 00:03:27

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Монгол Улсын гавъяат багш Даржаагийн Батсуурийн нэрэмжит Титэм ахлах 2-р сургуулийн Монгол хэл уран зохиолын багш, Монголын сайхан бичигтэн улсын 20-р уралдааны Мэргэжлийн багш нарын ангилалд гуравдугаар байр эзэлсэн Мөрөн хотод тасралтгүй 24 дэх жилдээ хичээллэж буй “Бичиг урлан” дугуйлангийн багш Оюунчимэгийн Оюунтунгалагтай ярилцлаа.

Тэрээр Хэл шинжлэлийн магистр, Заах аргач зэрэгтэй. Боловсролын байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш боловч аймаг, улсын монгол хэл, бичгийн олимпиадад бэлтгэсэн шавь нар нь амжилттай оролцож олон амжилт үзүүлж байгаа шилдэг залуу багш нарын нэг юм.

-Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд амжилттай оролцсон таньд болон танай сургуулийн хамт олонд баяр хүргье. Амжилтуудаасаа хуваалцаач.

-Баярлалаа. Би 2006 онд “Сайхан бичигтэн” улсын уралдаанд оролцож түрүүлээд урилгаар МУИС-ийн Монгол хэл соёлын сургуульд суралцаж төгссөн. 2010 онд сургуулиа төгсч ирээд Дэ. Доржпагма хэмээх маш их чадварлаг, олон жилийн туршлагатай, өөрийн гэсэн арга зүйтэй багшийнхаа арга барил заах аргад суралцан ажлын гараагаа эхэлж байсан. Арван нэгэн жилийн дараа “Монголын сайхан бичигтэн” уралдаанд амжилттай оролцож мэргэжлийн багш нарын ангилалд гутгаар байр эзэллээ. Манай сургуулийн хамт олон Ш.Лувсанвандан багшийн сангийн нэрэмжит шагнал хүртсэн, “Бичиг урлан” дугуйлангийн сурагч Золзаяа шилдэг 10 сурагчийн нэг болсон зэрэг олон амжилт гаргаж шинэ оныг угтаж байна.

- Хөвсгөл аймгийн анхны гэж хэлж болох “Бичиг Урлан” дугуйлангийн онцлог юу вэ ? Өнөөдөр хичнээн хүүхдүүд хамрагдаж байна.

-Манай ахмад Дэ.Доржпагма багш өөрийн сонирхолоор 1992 оноос эхлэн монгол бичиг сонирхдог гарын ур дүйтэй хүүхдүүдийг сонгон авч монгол бичгийг урлаг болгох талаас нь хөгжүүлэх зорилгоор анх дугуйлангаа хичээллүүлж  эхэлсэн байдаг. Үүнээс хойш тасралтгүй хичээллэж энэ жил 24 дэх жилтэйгээ золголоо. Багш маань тэтгэвэртээ гарснаас хойш 3 жилийн турш миний бие дугуйлангаа хариуцан ажиллаж өнөөдөр манай дугуйланд 6-аас дээш ангийн 50 орчим хүүхэд суралцаж байна. Дугуйлангийн онцлог гэвэл багш самбарын өмнө зогсоод хичээл заадаг уламжлалт арга зүй биш хүүхдүүд хүүхдүүддээ сурсан мэдсэнээ заадаг,  бие биенээсээ суралцдагт оршдог. Өөрөөр хэлбэл 10-р ангийн угалзан эвхмэлээр чадваржсан сурагчид бусад дүү нартаа зааж өгдөг, бийрэн бичгээр суралцсан  хүүхдүүд багш нартайгаа хамтран хүүхдүүддээ заадаг гэж ойлгож болно. Энэ үед багш өөрөө ч гэсэн суралцаж чадварждаг. Хүүхдийн ертөнц гэдэг бол хийж байгаа бүтээлээс харагддаг. Байж боломгүй ингэж сэтгэлээ гэжүү ? гэж гайхмаар олон шинэлэг зүйлийг хүүхдүүд хийж чаддаг. Хамгийн гол нь монгол бичиг өөрөө агуу хүүхдийн ухааныг задалж, сэтгэлгээг хөгжүүлж өгч байна шүү дээ. Манай “Бичиг Урлан” дугуйланд хамрагддаг 12-р ангийн сурагчид “Сайхан бичигтэн” улсын уралдаанд тогтмол амжилттай оролцдог, хүүхдүүд маань  аймаг, улсын олимпиад, элсэлтийн шалгалтанд амжилттай оролцож байгаа нь бидний хамтын ажиллагааны үр дүн юм.  Багш маань намайг дагуулан сургаж олон зүйлийг зааж, зөвлөж ирсэн төдийгүй дугуйлангаа өвлүүлсэн, одоо ч зөвлөн тусалдаг. Би ийм мундаг багш нараар хичээл заалгаж багшлах арга зүйд суралцаж ирсэн өөрийгөө азтай гэж боддог. Багш нарынхаа итгэлийг алдахгүй үргэлж хичээж, монгол хэл бичгийн гайхамшгийг түгээн дэлгэрүүлж, олон сайн шавь нар төрүүлэх хариуцлага үүрэг хүлээж яваа хүн гэж боддог.

-Та манай дугуйланд 6-р ангийн сурагчдаас эхлээд хамрагддаг гэж хэллээ. Монгол бичгийн хичээл энэ ангиас эхэлж зааж байгаа биз дээ.

-Тиймээ. 6-р ангийн хүүхдүүд юу хийж чадах вэ гэсэн асуулт гарна. Энэ хүүхдүүд  бага  ангидаа үүлэн хээ, хамар хээ гээд монгол уламжлалт хээ угалзыг судлаад мэдээд ирсэн зурах авъяас, эв дүй гарт нь орсон учраас угалзан эвхмэл болон монгол бичгийн бичлэгийн бусад төрлүүдийг заахад 6-р ангийн хүүхдүүдийн сэтгэхүйн онцлог таардаг, их анхааралтай суралцдаг.

-Танай Эх хэлний заах аргын нэгдэл Үндэсний бичгийн жишиг танхимыг байгуулаад жил болж байна. Танхимын тохижилт болон орчин их өвөрмөц болсон байна.

-Монгол бичиг сурахад орчин маш чухал. Манай сургуулийн Б.Должинсүрэн менежерээр ахлуулсан Эх хэлний заах аргын нэгдлийн хамт олон аймагтаа анхдагч, улсдаа жишиг болох танхимтай болох зорилт тавьж 5 жил ивээн тэтгэгч хайсан. Бидний саналыг Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын дарга На.Баатар-Очир дарга хүлээн авч 10 гаруй сая төгрөгийн санхүүжилт олж, “Үндэсний бичгийн жишиг танхим” байгуулсан. Мөн "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч Б.Элбэгзаяа зөвлөн дэмжиж хөшиг болон сургалтын хэрэглэгдэхүүн дээр тусалсан. Манай танхимд орсон хүүхэд бүр монгол бичгийн гайхамшигт бишрэн судлан суралцах сонирхол төрөхүйц сайхан танхим болсон. Тухайлбал танхимын таазыг чимэхдээ  10-р ангийн сурагч Бат-Эрдэнэ багш, ном, шавь гэсэн үгсийг угалзан эвхмэлээр чандманы дуслан хэлбэрт оруулж бичсэн. Манай танхимд толь бичгүүд, сонгомол зохиолын ном бүхий номын сан, телевиз, компьютер, хэвлэх машин, монгол бичгийн бичлэгийн төрлүүдийг илтгэх хөшиг, таазны шинэлэг шийдэл, стандартад нийцэхүйц ая тухтай орчныг бүрдүүлснээрээ онцлогтой. Цаашид  “Эх хэлний жишиг танхим” дээр суурилаад хүүхдүүдэд сургалтын таатай орчин бүрдүүлээд зогсохгүй бусад албан байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудад  монгол бичгийн хичээл, сургалт сурталчилгаа явуулах төлөвлөгөө гаргаж байгаа.

- “Шавийн эрдэм багшаас” гэдэг төгсөгчдийн  амжилтаас хуваалцвал

-Миний хувьд боловсролын салбарт ажиллаж байгаа залуу багш нарын нэг. Олимпиад, уралдаанд шавь нараа бэлтгэх чиглэлд түлхүү анхаардаг. Онцлох амжилт гэвэл 2013 онд шавь М. Амармөрөн улсын олимпиадад монгол хэлээр алт, монгол бичгээр мөнгөн медаль хүртсэн. Массын олимпиадад шавь нар маань 2012 онд алтан медаль, энэ жил аймгийн олимпиадад мөнгө, хүрэл медаль авлаа. Мөн 2013 онд төгссөн сурагчид монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтанд аймгийн болон улсын дундажаас илүү шалгагдсан амжилт гаргасанд баярлаж явдаг. Харин миний хувьд Сайн хичээлийн технологийн санд улсад монгол хэлний найруулгын  хичээлийг бүртгүүлсэн, одоо элсэлтийн ерөнхий шалгалтанд 40 хүүхэд бэлтгэж байна.

- Монгол хэл бичгийг түгээн дэлгэрүүлэхэд цаашид юуг анхаармаар байна  ?

-Монгол бичиг бол Монголчуудын сэтгэлгээний онцлогийг тэр чигт нь тусгасан үнэт өв  соёл. Монгол бичиг бол монгол хэлний дархлаа, монгол хүн байхын утга учир мөн. Монгол бичгийг гүнзгий судалсан хүний сэтгэлгээ гайхамшигтай хөгжиж, эх орон, элгэн нутаг, үндэсний соёлоо хайрлах үзэлтэй болдог. Тиймээс сургууль бүрт хүүхдийн хэрэгцээ сонирхол хүсэлд  нийцсэн дугуйлантай байгаасай гэж би хүсдэг. Өнөөдөр Мөрөн сумын Ирээдүй сургуулийн багш нар хүүхдүүдийг нийтээр нь монгол бичгээр маш сайхан бичүүлж байна, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш нар  массын сургалтыг үнэхээр сайн явуулж байна, Эрдмийн далай сургуулийн багш нар хүүхдүүдийг хөгжүүлэх арга зүй чиглэлээр маш сайн сургаж байна. Энэ чиглэлээрээ гүнзгийрүүлээд дугуйлан болгож өргөжүүлэн хүүхдүүдийн сонирхол омогшлыг төрүүлэх дугуйланг тогтмол хичээллүүлж чадвал монгол хэл бичигтэн олширч хүрээгээ тэлнэ. Багш нар бид чинь үндэсний өв соёл болсон монгол бичгээ сонирхон суралцах үрийг нь тарьлаа гэсэн үг. Хүүхдүүд маань цаашид өргөжүүлэн судлаж бидний тарьсан үр соёолон ургаж үр жимсээ өгнө гэдэг Монголын ард түмний өв соёлыг тээсэн гайхамшигтай бичгийг хойч үедээ өвлүүлж байгаа хэрэг. Өнөөдөр монгол хүн бүрт эх хэлээ судлан суралцах зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул 2025 оноос Монгол бичиг төрийн бичиг болоход би бэлэн үү ? бид бэлэн үү гэж асуугаад үзээрэй гэж хэлмээр байна. Магадгүй та болон таны дэргэдэх хүмүүс үндэсний бичгээ судлах, суралцах цаг болсныг анзаараагүй байж ч мэдэх юм. Бид өөрийн гэсэн үндэсний өв соёл болсон босоо бичигтэй ард түмэн, хүн бүр эх хэл монгол бичгээ эрхэмлэн сурцгаая гэж уриалмаар байна.

 Б.Гантуяа 

Холбоотой мэдээ