Гэмт хэргийн илрүүлэлт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-19 18:37:12

Увс аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 322 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 50 хэргээр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 77,5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3,1 нэгжээр өссөн дүнтэй байна. Гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн нь аймгийн төв болох Улаангом сумын гудамж талбайг камержүүлсэн, малын хулгайг бууруулах чиглэлээр аймгийн төв орчимд болон хилийн зурваст нисдэг камер ажиллуулж байгаа зэрэг нь нөлөөлсөн байна. Хэргийг ангиллаар нь авч үзвэл хөнгөн гэмт хэрэг 187, хүндэвтэр гэмт хэрэг 114, хүнд гэмт хэрэг 15, онц хүнд гэмт хэрэг 6 гарсан байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн 47,5 хувь нь аймгийн төвд, 52,4 хувь нь сумдад бүртгэгджээ.

Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 512 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 419,5 саяыг нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд төлүүлсэн байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг гурав, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг 12, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 9 нэгжээр тус тус буурсан бол хүчиндэх гэмт хэрэг зургаа бүртгэгджээ. Аймгийн хэмжээнд хүнд, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байгаа нь сайшаалтай байна. Гэмт хэрэгт 359 хүн холбогдож шалгагдсан бөгөөд тэдний 26 эмэгтэй, найм нь 14-15 насны хүүхэд,  236 нь 16-34 насныхан байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ