М.Цэрэндэжид:Зурган зохиолын аргыг санаачлан хэрэгжүүлсэн маань их үр дүнтэй болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-19 15:40:20

“Хүмүүн бичиг” сонины “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны Шилдэг бүтээлийн төрөлд дэд байр эзэлсэн Булган аймгийн Сэлэнгэ сумын монгол хэл, уран зохиолын багш Мо.Цэрэндэжидтэй хийсэн ярилцлагыг толилуулья.

-"Хүмүүн бичиг" сониноос зарласан "Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд байр эзэлжээ. Та ямар бүтээлээр энэхүү уралдаанд оролцов?

-Энэ удаагийн уралдаанд Дашдоржийн Нацагдоржийн 110 жилд зориулсан хоёр  бүтээлээр оролцлоо. Эхнийх нь Д.Нацагдорж зураг бөгөөд дээлийн хээг эвхмэл монгол бичгээр “Шинэ Монгол” гэж үйсэн дээр зурж, үйсээр чимэглэж хийсэн байгаа. Дараагийнх нь “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” гэдэг өгүүлбэрийг эвхмэл монгол бичгээр үйсэн дээр бичсэн.

-Энэхүү бүтээлээ туурвих санаа яаж төрөв, ямар нэгэн зүйлээс сэдэл авав уу? их ховорхон бүтээл шүү дээ таны энэ бүтээлүүд.

-2000 оноос Монгол бичиг зааж эхлээд “Алтан орды үйсэн дээрх бичиг”-ээс  санаа  авч, сурагчдад  хэвшмэл биш, сонирхолтой, хөдөлмөр  шаардаж  хийсэн  зүйлд  санаа  сэтгэл  нь шингэж, мэдлэг нь улам батжиж байдгийг ажигласан. Тэгээд сурагчдаар үйсэн дээр бичүүлж, өөрөө ч бүтээл  хийж  эхэлсэн. Үйсээ олж  бэлтгэх,  боловсруулах,  бичиж зурах,  хэлбэр гаргаж бүтээл хийх,  бичлэгт сурах  зэргийг хийх  явцдаа  монгол бичигт  суралцаж,  хэрэглэх  чадвартай  болдог. Эндээс л бүтээлээ туурвих санаа төрсөн дөө.

-Сүүлийн үед багаар ажиллах чадварын тухай их ярьдаг болсон. Энэ бүтээлээ багаар хамтарч хийсэн үү, ганцаараа хийв үү?

-Энэ бүтээлийн хувьд бол ганцаараа хийсэн.

-Таны төрсөн нутаг хаана вэ, ажлын гараагаа анх хаанаас эхэлж байв?

-Би Булган аймгийн Тэшиг суманд 1956 онд Морх гэдэг хүний хоёрдахь охин болон мэндэлсэн. 1964 онд 1-р ангид элсэж, 1974 онд Булган аймгийн 10 жилийн сургуулийг дүүргэж, УБДС-ийн МХУЗ факультетид элсэн орж, МХУЗ-н багш мэргэжил эзэмшсэн билээ. 1974 оноос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 10 жилийн сургуульд Монгол хэл-Уран зохиолын багшаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхтэй. Түүнээс хойшхи хугацаанд Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, “Мэргэжилд бэлтгэх” сургууль, Булган аймгийн Сэлэнгэ сумын 10 жилийн сургуулиудад  ажиллаж 4 удаа 10-р анги дааж авч төгсгөсөн юм. 38 жилийн турш зөвхөн энэ мэргэжлээрээ ажиллаж байна

 -Үйсэн дээр бичсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргадаг уу?

-Гаргалгүй яахав. Үйсэн бүтээлийн үзэсгэлэнг 2006 оноос эхлэн сургууль, сум, аймаг, улсад жил бүр тасралтгүй дэлгэн гаргаж сурталчилдаг. Эндээс хамтран ажиллах, туршлага судлах хүмүүстэй холбогддог. Улсад 4 удаа, аймагт 3 удаа, сум сургуульд 5 удаа үзэсгэлэн гаргалаа.

-Таныг өмнө нь "Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд чамгүй амжилттай оролцож байсныг сонссон юм байна. Гаргаж байсан амжилт, шагнуулж байсан шагналуудаасаа дурьдаач?

-“Хүмүүн бичиг” сонины “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд сүүлийн арваад жил оролцож I , II , IV байр эзэлж байна. “Багш нарын сурган хүмүүжүүлэх уншлага” уралдаанд 2002 онд оролцож, “Яриа бичгийн дадлага хичээлээр эх зохиомжид сургах нь” сэдвээр аймагт II байр эзэлж байв. 2006 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2009 онд “Үндэсний бичиг соёл, түгээн дэлгэрүүлэгч” цол, 2011 онд Боловсролын 90 жилийн ойн медаль, 2013 онд “Багшийн гавьяа” одонгоор тус тус шагнууллаа.

-Таны бэлдэж байсан шавь нараас монгол бичгийн холбогдолтой уралдаан тэмцээнд байр эзэлж байв уу?

-10-р ангийн сурагч Э.Нарантуяа 2004 онд Монгол хэлний аймгийн олимпиадад түрүүлж, улсад IV байр эзэлсэн. 2001 онд  хичээл заасан 6е анги маань улсад шагналт байранд  шалгарч байсан. Мөн 1990 оноос хүүхдийн яруу найргийн “Болжмор” дугуйланг сумандаа ажиллуулж байна. Энэ дугуйлангаас сурагч Х.Соёмбо, Б.Үүрийнтуяа, Х.Золжаргал нар улсын “Хүрэлтулга” уралдаанд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.

-Бусад аймаг сумдын монгол бичгийн чадвартай харьцуулахад танай сургуулийн багш сурагчдын чадвар хэр байна гэж та дүгнэж байна?

-Ямартай ч хоцрогдолгүй л яваа гэж хувьдаа дүгнэж байгаа даа.

-Та хичээлээ ямар арга барилаар явуулдаг вэ?

-Багшлах явцдаа сурагчдыг сургах арга болох “Зурган зохиол”-ын аргыг өөрөө санаачлан хэрэгжүүлж ажиллалаа. Энэ арга нь хүүхдийн сонирхлыг ихэд татаж хөгжүүлдэг, өөрөөр хэлбэл  хичээлийн агуулгыг багаар ярилцан хэлэлцэж, хүүхэд бүр ойлголтоо шүлэг, богино эх зохиож, түүндээ тохирсон зураг бүтээл хийж, хамтын бүтээл хэлбэрээр тайлагнаж хэлэлцүүлдэг арга юм. Их үр дүнтэй арга даа.

-Монгол бичгийг сурагчдад хэддүгээр ангиас нь оруулах нь зөв гэж та бодож байна?

-Монгол бичгийг сурагчдад 3-р ангиас эхлэн зааж, иргэд, сурагчид, оюутнуудын дунд ярилцлага, үзэсгэлэн, сонирхолтой хэлбэрийн уралдаан тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ сонирхол татсан зүйлтэй монгол бичиг хамт байх нь маш чухал.

-Хүмүүн бичиг сониныг захиалдаг уу? Сургалтандаа ашиглаж байна уу?

-Захиалалгүй яахав, сурагчид уншихад монгол бичигт сонирхолтой болж, цаашид суралцахад “Хүмүүн бичиг” сонин их тус болдог. Сурагч, багш бүр сонингоо уншиж,  хайчилбар хийж,  ном бүтээл хийж дараагийн дугаар ирэхэд сониныг бүрэн ашиглаж гүйцсэн байдаг нь сурагчдын мэдлэг чадварт сайнаар тусдаг.

-Монгол бичгийн хичээлдээ ямар материал, сургалтын хэрэгсэл ашиглаж байна?

-Ашиглаж чадвал монгол бичгийн хэрэглэгдэхүүн их бий. Ялангуяа монгол бичгийг эрчимтэй үзэж судалж байсан 90-ээд оны эхэн үеийн материал асар их, “Хүмүүн бичиг” сониныг захиалан ашиглахад их өгөөжтэй.

-Бусад аймаг, сумд, сургуулийн багш нартай хэр холбоотой ажиллаж байна?

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 10-н жилийн сургууль, Хангал, Хялганат, Бугат сумдын болон Орхон аймгийн “Баян өндөр” цогцолборын багш нартай холбоотой ажилладаг. Багш нартай холбоотой ажиллахад Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн арга зүйч, сургуулийн удирдлага болон багш нарын санаачлага дэмжлэг маш чухал  

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил уран бүтээлд өндөр амжилт хүсэе.                                                                                                            

                                                                                                                                 П.Батням

 

Холбоотой мэдээ