Хятадаас хөдөлсөн ачааны галт тэрэг Лондонд иржээ

Дэлхийд | Эдийн Засаг
adiyakhuu@montsame.mn
2017-01-19 11:29:25

МОСКВА./TASS/. Ачааны галт тэрэгний цуваа анх удаа Хятадаас Их Британийн Лондон хотод хүрэлцэн ирсэн тухай Daily Mail сонин мэдээллээ.

Уг цуваа Хятадын Жэзян мужийн Иу хотоос шинэ оны анхны өдөр хөдөлж, 18 хоногийн хугацаанд Казахстан, ОХУ, Беларусь, Польш, Герман, Бельги болон Францын нутгаар 12000 км замыг туулан, Ла-Маншийн хоолойгоор дамжиж Лондонд иржээ. Ачааны галт тэргээр Хятадад үйлдвэрлэсэн хувцас, бөс бараа, гэр ахуйн бараа зэрэг 58 тонн ачааг тээвэрлэн авчирсан байна.

Лондон хотын галт тэрэгний буудалд хятад луу маягаар хувцасласан бүжигчид, бөмбөрчид ачааны галт тэргийг сүр дуулиантай угтаж авчээ. Угтан авахад Их Британид суугаа Хятадын элчин сайдын яамны ажилтнууд, худалдааны төлөөлөгчид байлцлаа.

Их Британи бол Хятадын хувьд төмөр замын шууд харилцаа тогтоосон Европын 18 дахь улс юм. Энэ мөчөөс эхлэн Лондон хотод долоо хоног бүр Хятадын ачааны галт тэрэгний цуваа ирж байх аж. Энэ нь Хятад-Их Британи болон Хятад-баруун Европын худалдааны харилцааг бэхжүүлж, “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж талууд үзэж байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ